Залуучуудын хөдөлмөр эрхлэлт дэмжих төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД“Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийг бэхжүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутагт бодлого, санаачлага өрнүүлэх нь” сэдэвт сургалт Ховд аймагт боллоо.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA консалтинг групп Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамтай хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг 8 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт 2018 он хүртэл хэрэгжүүлж байна. Уг төсөл хэрэгжиж байгаа аймгуудын нэг нь Ховд аймаг юм. Төслийн хүрээнд “Ховд аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн бодлого, санаачилгыг өрнүүлэх нь" сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар хамтран зохион байгуулж, эхлүүллээ.
Сургалтанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, Засаг даргын орлогч Лувсанлхамо болон Албан байгууллага, Хувийн хэвшил, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, төлөөлөлөөс бүрдсэн 30 хүн оролцлоо.
Энэхүү сургалт Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дүрэм, бүтцэд нэмэлт өөрчлөлт, үйл ажиллагааны чиглэлд шинэ санал оруулах зорилготой байсан юм.
Сургалтын үр дүнд Аймгийн Хөдөлмөр Эрхлэлтийн Зөвлөл өмнө нь долоон гишүүнтэй байсан бол одоо өргөжин аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг зөвлөлийг тэргүүлэн, нийгмийн хөгжил, төрийн сангийн хэлтсийн төлөөлөл 2 хүн, ажил олгогч эздийн холбооны төлөөлөл 3 хүн, үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл 3 хүн буюу нийт 9 гишүүн томилогдон ажиллахаар боллоо.
Мөн Аймгийн Хөдөлмөр Эрхлэлтийн Зөвлөлийн /ХЭЗ/гишүүдийн мөрдөх ажил үүргийн хуваарь, гишүүдийн төлөөлж буй байгууллагадаа ажлаа тайлагнах удирдамж, зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэх, үнэлэх шалгуур үзүүлэлтүүд, дотоод хяналт, үнэлгээ хийх журмын өөрчлөлттэй холбогдсон дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Тодруулбал, Хэлэлцүүлгийн явцад Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн дүрмийн 2.2.4-ийг үндэслэн аймгийн ХЭЗ-ийн гишүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой тогтоол болон Зөвлөлийн гишүүд тухайн жилийн үйл ажиллагааныхаа үр дүнг дүгнэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой зөвлөлийн гишүүдийн ажлаа хянах, дүгнэх хугацаа, хэлбэрийг тодорхой заасан Аймгийн ХЭЗ-ийн удирдах, зохицуулах, хянах үүргээ хэрэгжүүлэх журам шинээр батлагдан гарсан юм.
Үүнээс гадна аймгийн ХЭЗ-ийн удирдах, зохицуулах, хянах үүргээхэрэгжүүлэхэд ашиглах шалгуур үзүүлэлтүүд, ажлын явцад авбал зохих дээд онооны жагсаалт болон зөвлөлийн 9 гишүүнтус бүрийн ажил үүргийн чиглэл, хуваарь тодорхой болсон юм.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.
Энэхүү хөтөлбөр нь Хөдөлмөр эрхлэлт болон Хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогын арга хэмжээг нэмэгдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын ажилгүй, сургуульгүй, идэвхигүй байдлыг арилгах, шинэ ажлын байр бий болгоход шууд дэмжлэг үзүүлэх, байнгын ажлын байр хүрэлцээгүй нөхцөлд түр ажлын байраар хангах хэрэгцээ шаардлагад уялдуулан иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилготой аж.
Уг хөтөлбөрийг баасан гаригт Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн хуралдаанаар дахин авч хэлэлцэж, хэрэгжүүлж эхлэхээр болсон юм.
А.Бямбасүрэн