Саран дээр газардах уралдаанд 5 баг тунаж үлдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-01-26 12:06:44

ВАШИНГТОН. /VOA/. Саран дээр газардах сансрын хөлөг бүтээх уралдаанд 31 багаас таван баг тунаж үлдлээ гэж “Google” болон ашгийн бус “X Prize” компани мэдэгдлээ. Эдгээр багууд нь 2017 оны 12 дугаар сарын 31-нээс хэтрэхгүйгээр өөрсдийн хийсэн сансрын хөлгөө сар руу илгээх ёстой. Тэд эхлээд хувийн санхүүжилтээрээ энэ ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд дараа нь 20 сая долларын “Google Lunar X Prize”  гэдэг шагналыг хүртэх юм.

Израилийн  “SpaceIL”, Энэтхэгийн “Team Indus”, АНУ-ын “Moon Express”, Японы “Hakuto” болон олон улсын “Synergy Moon” багуудын илгээсэн сансрын хөлөг сарны гадаргуу дээр амжилттай газардсаныхаа дараа сарны гадаргуу дээр наад зах нь 500 м замыг туулж, эх дэлхий рүү зураг болон дүрс бичлэг хийж илгээх ёстой ажээ.

Өрсөлдөгч бүр 5 сая долларын шагнал хүртэх бөгөөд ус байгааг нотлох баримт олох, эсвэл сарны гадаргуу дээр 4 км-ээс урт зам туулах  ... зэрэг онцгой амжилт гаргасан тохиолдолд 5 сая долларын шагнал нэмж авах юм. 

Израилийн “SpaceIL” багийг АНУ-ын казиногийн магнат санхүүжүүлж байгаа бол Энэтхэгийн “Team Indus” багийг тус улсын Сансар судлалын байгууллага ивээн тэтгэж байгаа гэнэ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ