Био аюулгүй байдлыг хангах төслийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-01-26 15:30:43

Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах /CBRN CoE initiative/ санаачлага /ЕХ-ны /-тай хамтран “Төв Азийн орнуудад био аюулгүй байдал, био аюулгүй ажиллагааг хангах үндэсний эрх зүйн орчинг сайжруулах Р53” бүсийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийн эхний хуралдааныг 2017 оны нэгдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Кэмпински зочид буудалд зохион байгуулж байгаа юм. Тус хуралдаанд ЕХ-ны ХБЦИЦЭБС, уг төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллагч ОУБ-уудын төлөөлөл, БОАЖЯ, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, био аюулгүй байдлыг хангах чиглэлээр үндэсний хэмжээнд хамтран ажилладаг оролцогч талууд болох 24 байгууллагын нийт 50 гаруй төлөөлөгчид оролцож байна.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр төслийн хуралдааныг нээж хэлэхдээ “Өнөөдөр улс орнуудын өмнө хими биологийн эрсдэлийг бууруулах бодлого боловсруулах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Эрсдэлийг бууруулж урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, гамшгийг дараахь менежментийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд үндэсний хууль эрх зүйн орчинг сайжруулах, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, технологийн шинэчлэл хийх шаардлага тулгараад байгаа энэ үед төслийг эхлүүлэх хуралдааныг болж байна. БОАЖЯ биологийн аюулгүй байдлын асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохицуулах үүрэг хүлээн ажиллаж, хууль эрх зүйн орчныг бий болгох, сайжруулах ажлыг хийж ирсэн. Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд БОАЖЯ, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо тэргүүлэн талуудын оролцоог ханган ажиллах болно” гэлээ.  

Био аюулгүй байдлыг хангах гэдэг нь хувиргасан амьд организмаас хүний эрүүл мэнд, амьтан, ургамал болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх био аюулгүй байдал алдагдсан үед үүссэн хор уршгийг арилгах, аюулгүй болгох цогц арга хэмжээ авахад оршино. Хувиргасан амьд организм гэдэг нь орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организм байдаг.

хуралд оролцогчид хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийн өнөөгийн нөхцөл байдал болон эрсдлийг буруулах хэрэгцээ шаардлагаа нэгтгэн дүгнэж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлох юм.

Техник технологийн үсрэнгүй хөгжлийн энэ цаг үед хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн шинжлэх ухааны үр шимийг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт хүртэх болсон. Энэ дэвшил нь бидний хэрэгцээ болсоор байна. Харин энэ өндөр технологийг ашиглахын зэрэгцээ уг байдалд тавих хяналтыг чангатгах, био аюулгүй байдлыг хангах цаг үеийн зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг маргааш үргэлжлүүлэн хүргэнэ.

Д.Өлзий  

Холбоотой мэдээ