Иргэний улстөрийн эрхийг хангах хууль УИХ-ын босгыг давсангүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлд сонгуулийн эрх бүхий 5000 иргэн хамтран хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлахаар санаачлах эрхтэй байхаар, сонгуулийн эрх бүхий 10 000 иргэн хамтран Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслийн саналаа хууль санаачлагчид уламжлахаар санаачлах эрхтэй байхаар тусгажээ. Мөн хууль тогтоомжийн төслийн тухай саналаа уламжлахаар санаачлагчдын бүлэг 5-9 хүнтэй байгуулах, шаардлагатай тооны гарын үсэг цуглуулахаар зарлах, цуглуулах, түүнд тавигдах шаардлага, үргэлжлэх хугацаа, хүчингүйд тооцох талаар зохицуулсан байна.
Түүнчлэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлыг сонгуулийн эрх бүхий иргэдийн 4 хувьтай тэнцэх тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх, Ард нийтийн санал асуулгыг Үндсэн хуульд заасны дагуу сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи оролцож, олонхи нь дэмжсэн тохиолдолд шийдвэрлэгдсэн гэж үзэхээр тусгасан байна.
Хэлэлцүүлгийн шатанд үг хэлсэн гишүүдийн ихэнх нь эсрэг байр суурьтай байсан ба санал хураалт явуулахад олонх дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Ингэснээр тус хуулийн төсөл санаачлагчид нь буцаж байна.
Б.Туул