Зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-01-26 18:33:20

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, тус улсын Китами хотын захиргаа нь Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-тай хамтран  зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлнэ.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү болон холбогдох бусад мэргэжилтэн Япон улсын Китами хотын Иргэд, байгаль орчны хэлтсийн ерөнхий эрхлэгч Иноуэ Томоюукигаар ахалсан төлөөлөгчдийг хүлээн авч, төслийн удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэв.

Гурван жилийн хугацаатай тус төслийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв гардан хэрэгжүүлэх юм.

Төслийн хүрээнд Япон улсын мэргэжилтнүүд өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвийн сувилахуйн ажилтнуудыг иргэдэд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөөг өгөх арга барилд сургана.

Зөвлөгөө нь тус улсын тэргүүн туршлагад тулгуурлах бөгөөд эрүүл хооллолт, давсны хэрэглээ, хөдөлгөөн зэрэг асуудлыг цогцоор нь хамрах юм.

Есөн сургагч багшийг Япон улсын Китами хотод очиж туршлага судлуулах, Японы мэргэжилтнүүд тэдний хүчийг ашиглан 200 гаруй сувилахуйн ажилтныг сургахаар төлөвлөжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ