Хэнтий аймаг дахь ШГА “Нэг цонхны үйлчилгээ”-ний байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-30 11:13:13

Хэнтий аймгийн 2016 оны “Төрийн шилдэг байгууллага”-аар шалгарсан Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 0419 дүгээр анги нь өнгөрсөн 2016 онд 70 бүтээлч ажлыг өөрсдийн хүчээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж, төлөвлөгөөний дагуу олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.

Хамгийн түрүүнд алба хаагчдынхаа ая тухтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор албан контортоо иж бүрэн засвар тохижилтын ажлыг хийсэн байна. Мөн  сургалт хүмүүжлийн ажлыг тохилог орчинд явуулах зорилгоор  80 хүний суудалтай, орчин үеийн шийдэл бүхий сургалтын танхимыг иж бүрэн засварлаж ашиглалтад оруулжээ. Энэхүү танхимыг видео хурлын тоног төхөөрөмж,  проектор, автомат хөшиг, пульт зэрэг орчин үеийн  бүхий л  техникээр тоноглосон аж. Түүнчлэн  хүмүүжигчдийнхээ хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах зорилгоор албаны аж ахуйн хүнс, эд материалаа хадгалах  зооринд засвар хийжээ.

Тус хамт олон өөрсдийн ажиллах орчин нөхцөлдөө төдийгүй хүмүүжигчдийнхээ нийгмийн байдалд тун их анхаарал хандуулдаг байна. Тиймдээ ч Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран хүмүүжигчдийг гар урлал болон барилгын засал чимэглэлчин мэргэжлээр суралцуулж байгаа аж. Ингэснээр хүмүүжигчид ял эдлэх хугацаандаа өөрийнхөө авъяас чадварыг нээн хөгжүүлж, нийгэмдээ амьдралын зөв хэвшилтэй, зөв үйлдэлтэй иргэн болж төлөвших юм. 

Хэнтий аймаг дахь ШГА-нд хандсан иргэд болон хүмүүжигчид тоо бүртгэлийн программыг ашиглан ялын тооцоо, шагналын хоног, сахилгын шийтгэл, гэм хорын хохирол төлбөрийг харах боломж нээгджээ. Энэ дагуу батлагдсан хуваариар тус албаны тоо бүртгэлийн ажилтан, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар шаардлагатай мэдээллийг иргэдэд түргэн шуурхай өгч ажиллаж байна.

Өнгөрсөн 2016 онд тус хамт олон орон нутгийн төсөвт торгох, эд хөрөнгө хураах, ялын төлбөрөөс 28105,1 мянган төгрөг, захиргааны шийтгэвэр торгуулийн төлбөр 23661,1 мянган төгрөг, Нийгмийн даатгалын нэхэмжлэлтэй 735,9 мянган төгрөг, нийт 52502,1 мянган төгрөгийг төвлөрүүлэн ажиллажээ. Харин энэ онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, зорилгыг хэрэгжүүлэхээс гадна 220,0 сая төгрөгийн өртөгтэй “Нэг цонхны үйлчилгээ”-ний  шалган нэвтрүүлэх байрыг шинээр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Барилгын зураг төсөл бэлэн болсон бөгөөд барилгын ажил хэдий нь  эхэлжээ.

Мөн 2017 ондоо шинэ бүтээн байгуулалтын давалгаагаа үргэлжлүүлж, чийрэгжүүлэлтийн  өрөө,  авто угаалгын газрыг шинээр барих, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарынхаа өрөө болон зан үйл, номын сангийн өрөөгөө иж бүрэн засварлаж, тохижуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн алба хаагчдынхаа цайны газрын барилга болон гадна засварын ажлыг хийх аж.

          Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ