Гуравдугаар шатлалын эмнэлгүүд 08-20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-01-30 15:56:12

Амьсгалын замын томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулж Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын томоохон эмнэлгүүдийн ажиллах цагийг уртасгав.

Энэ өдрүүдэд дүүргүүдийн ЭМТ-ийн ачаалал эрс нэмэгджээ. Иймд уг арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий болсон юм. Тухайлбал, Ирэх хоёрдугаар сарын 1-нээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ, ЭХЭМҮТ өглөөний 08.30 цагаас оройн 20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана.

Харин ГССҮТ-ийн амбулатори засвартай байгаа тул цагийн хуваарийг гуравдугаар сарын 1-нээс 20.00 цаг хүртэл уртасгахаар болжээ. Харин хэдий хүртэл уртасгасан цагаар ажиллах нь тодорхойгүй байна. Өвчлөлийн нөхцөл байдлаас шалтгаалан гуравдугаар сарын дунд, сүүл үе хүртэл энэ цагийн хуваариар ажиллах магадлалтай.

Уг асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг “Том эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор яамнаас тусламж үйлчилгээний зохицуулалт хийж байгаа. Ирэх сарын 1-нээс УНТЭ, П.Н.Шастины нэрэмжит УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн ажиллах цагийг 20 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн. Том эмнэлгүүд хүний нөөцийнхөө судалгааг ЭМЯ-нд ирүүлж байгаа. Нэг эмнэлэгт ойролцоогоор 6-15 эмч, сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай гэсэн тооцоо гарсан” гэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ