Төрийн албан хаагчид мэдлэгээ дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-30 16:28:43

Энэ сарын 28-нд  Дорноговь аймгийн төрийн албан хаагчид Сайншанд хотноо чууллаа. Төрийн албанд ажиллаж  байгаа албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,  төрийн үйлчилгээг сайжруулах, мэргэшсэн, тогтвортой албан хаагчдаар бэхжүүлэх үүднээс  дээрх төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулсан.

Зөвлөгөөнд аймаг, сумын ИТХ, ЗДТГ, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч хэлтэс, агентлагийг  480 гаруй ажилтан, албан хаагчид оролцож "Хувь хүний хөгжил, харилцаа", "Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлт ба орон нутгийн оролцоо", "Төрийн албан хаагчдын манлайлал", Төрийн албаны ёс зүй, ажлын байрын тодорхойлолт", "Төрийн албан хэрэг хөтлөлт" болон "Төрийн албан хаагчдын ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд" зэрэг сэдвээр номын дуу сонсов.

Зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон Дорноговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Ганзориг нар төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгсөн юм.

Тухайлбал, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин төрийн албан хаагчдад хандан  хүлээсэн үүрэгтээ үнэнч байж ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллах, санхүүгийн сахилга батыг сахиж, багтаасан төсөвт тулгуурлаж үйл ажиллагаа явуулах, сумдын удирдлага болон бодлогын мэргэжилтнүүд байгаль орчны төлөв байдал, тоон мэдээллийг бүрэн гаргаж, байгалын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг тогтмол гүйцэтгэх, бичил уурхай нэрээр газар нутгийг сүйтгэж буй байдлыг  таслан зогсоох,  ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг компаниудыг дэмжиж ажиллах зэрэг салбар бүрт хамаарах үүрэг чиглэлийг өгөв.

Зөвлөгөөний дараа төрийн албан хаагчид спортоор өрсөлдлөө.

Х.Эрдэнэбулган 

Холбоотой мэдээ