Онгийн Улаан нуурт анхны мөсний баярыг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Онгийн Улаан нуурт мөсний баярыг анх удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа.
Тус арга хэмжээг "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбоо аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулсан юм. Мөсний баяраар мөсөн дээрх олс таталт, мөсний шагай, сумо, цан, уран жолоодлого зэрэг уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Баярт Булган, Мандал-Овоо сумын ИТХ, ЗДТГазрууд, Алтайн өвөр говийн усны сав газрын хамт олон, "Гайхамшигт говь" Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагууд, орон нутгийн иргэд залуучууд, тус аймагт ажиллаж байгаа Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудаас гадна Улаанбаатараас Өмнөговь руу зорьж явсан Б.Мөнхбат орчуулагчтай Америкийн жуулчид оролцжээ.
Анх удаагаа зохион байгуулж байгаа уг баярыг уламжлалт болгон зохион байгуулж байхаар болсон бөгөөд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн төрлийн бүтээгдэхүүн болгохоор болжээ. Энэхүү мөсний баярт 50 орчим машинтай 200 орчим хүн оролцсон байна. "Энэхүү арга хэмжээнд цаг агаарын хүнд хэцүүг үл анзааран залуу, халуун сэтгэлээр дэмжин ирж оролцсон бүх оролцогчиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ирж оролцсон олон хүмүүс эх нутагтаа ийм том, гайхамшигтай сайхан нуур, гол байдгийг анх удаа үзэж сэтгэл хөөрөн баясаж ус нутгаа хамгаалах, хайрлах сэтгэлд нэгдсэнд баяртай байна" гэж "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр хэллээ.
Д.Мишигсүрэн