Хатгал тосгоныг сум болгох асуудалд онцгой анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-31 00:12:09

Хөвсгөл аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны газар, хэлтсийн дарга нар, зарим ТББ-ынхан болон АНУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Үндэсний паркийн захиргааны газрын дарга Том Медема, тус паркийн зөвлөх Роберт Макитош нар ажиллалаа.

Энэ үеэр Хатгал тосгоны иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсч төр засгаас цаашид хийж хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг танилцуулав. Уулзалтын үеэр Хатгалын тосгоны статусыг  дээшлүүлэх, хог хаягдал, аялал жуулчлалын үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх асуудлуудыг иргэд сайдад тавьж байлаа. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 3000 иргэдтэй, аялал жуулчлалын гол бүс нутаг болсон Хатгал тосгоны иргэд өнөөдрийг хүртэл  тосгоны статусаар явж байгаад харамсч байна. Энэ асуудалд онцгой анхаарч Засгийн газарт уламжилж хуулинд өөрчлөлт оруулах талаар санал хүргүүлнэ гэдгийг хэлж байлаа.

Мөн Хөвсгөл нуурыг бохирдуулж байгаад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл доторлогоогүй нольтой байгаа аж ахуйн нэгж байгууллагад шаардлага хүргүүлж хэрэгжүүлэхгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг сануулж байлаа. Сүүлийн жилүүдэд тус аймагт ирж буй гадаад дотоодын жуулчдын тоо нэмэгдэж байгаа боловч нэг жуулчнаас 300 төгрөг хураан авдаг, орлого нь орон нутагт ордоггүй улсын төсөвт ордог гэнэ. 2016 онд аялал жуулчлалаас орон нутгийн орлогод 7,5 сая төгрөг орсон. Хөвсгөл нуурын ойр орчмыг цэвэрлэх, хамгаалах шаардлагатай ч төсөв хөрөнгө байхгүй зэрэг олон асуудал тулгарч буй аймгийн удирадлагууд хэлж байв.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ