Хишиг-Өндөрийнхөн "хагас мацаг" барих болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Хишиг-Өндөр сумынхан бямба гарагт "бүтэн мацаг" барьдаг байсан явдлыг сумын шинэ Засаг дарга С.Мөнхтөр өөрчилжээ.
Өмнөх жилүүдэд засаг барьж байсан дарга нь бямба гарагт ямар ч үйлчилгээний газрыг ажиллуулахгүй байх шийдвэр гаргаж, зөрчсөн тохиолдолд үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авахаар далайлгасан байсан.
Тус суманд хүнсний болон барааны дэлгүүр, нийтийн хоолны газар, үсчин гээд 30 гаруй үйлчилгээний газар байдаг. Эдгээр үйлчилгээний газрууд бүгд нэг өдөр амардаг учир иргэд нь "мацаг барьдаг" өдөр хэмээн хошигнож байсан. Харин одоо "хагас мацаг" барьдаг болоод байна.
Хол ойрын хүмүүс бямба гаригт Хишиг-Өндөр суманд очоод бензинээс өөр юу ч худалдан авч чадахгүй бухимдаж, харин дэлгүүрт хөлсөөр ажилладаг зарим хүмүүс өдөржингөө унтаж баярладаг байжээ. Бүх үйлчилгээг нэг өдөр бүрэн хаана гэдэг бас амьдралд нийцээгүй шийдвэр байсан бололтой.
М.Батжаргал