Сар бүрийн эхний долоо хоногт уулзаж байхаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЖил бүрийн 01 дүгээр сарын 31-нд Иргэний нийгмийн байгууллагуудын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр Иргэний нийгмийн төлөөллүүдийг хүлээн авч уулзав.
ИТХ-аас иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл хийв.
Төсвийн тухай хуулийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх, тендерийн үнэлгээний хороонд төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулах, худалдан авах ажиллагаанд хяналт тавих, иргэний оролцоог нэмэгдүүлэх зэргээр хамтарч ажиллах боломж байгааг дуулгалаа.
Харин иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд өөрийн дуу хоолойгоо хүргэж, тулгамдаж буй асуудлуудаа ярилцсан. Дорноговь аймгийн хэмжээнд 60 гаруй төрийн бус байгууллага байдаг хэдий ч тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь гарын таван хуруунд багтдаг аж.
Төрийн бус байгууллагууд дор бүрнээ ажил хийгээд байдаг ч бусад нь мэддэггүй, мэдээлэл солилцдоггүй, хамтарч ажиллаж чаддаггүй, өөрсдийн ажлын өрөө тасалгаагүй, санхүү хөрөнгийн хүндрэл байнга гардаг нь тогтмол үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл гардаг аж.
Тиймээс аймгийн ИТХ-аас сар бүрийн эхний долоо хоногийн баасан гарагийн 10 цагт “Соёмбо цогцолборын Иргэний танхимд уулзалт, ярилцлага, сургалт хийх боломжийг олгохоор боллоо. Уулзалтад 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.
Х.Эрдэнэбулган