“Багаараа хамтдаа” аянд нэгдэгсэд зарим айлд өвлийг өнтэй давахад нь тусаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-01 22:30:33

Дархан-Уул аймагт өрнөсөн “Багаараа хамтдаа” аян Дархан сумын долдугаар багт үргэлжилж багийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулсан бол нийгмийн халамжийн үйлчилгээг тус багийн иргэдэд хүргэж зарим айлд тусламж үзүүллээ.

Уг аянд “Буян зах”-ын хажуу талбайд улирал харгалзахгүйгээр түлээ нүүрс борлуулдаг 13 өрхийн хамтарсан “Дөл-галын элч” бүлгийнхэн нэгдэж 450 гаруй төгрөгийн өртөг бүхий түлээ нүүрсийг сайн дураар хандивлав. Тус бүлгийн төлөөлөл “Ажлын байрны нөхцөл хүнд, улирлын чанартай борлуулалт хийдэг, багагүй эрсдэлд өртөж байдаг ч зорилтот бүлгийн зарим айл өрхүүдэд өвлийн хүйтнийг өнтэй давахад нь тусалж байгаадаа баяртай байна” гэлээ.

Мөн уг аянд аймгийн “Камасервис” Олон Улсын Байгууллага, “Сэтгэлийн дэм” ТББ тус бүр 200 мянган төгрөгийн дулаан хувцас, “Адвентист” сүм 300 мянган төгрөгийн түлээ нүүрс, дулаан хувцас, “Мөнгөтийн таг” ТББ 60 мянган төгрөгийн нүүрс тус тус хандивласныг өндөр настан, зорилтод бүлэгт хамаарах 50 гаруй өрхөд гардууллаа. Тус долдугаар баг нь нийт 6152 хүн амтай Дархан сумын томоохон багуудын нэг юм.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ