Афган эмэгтэйн хоёр чихийг нөхөр нь огтолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-02 11:42:14

КАБУЛ. /ВВС/. 23 настай афган эмэгтэйг нөхөр нь хүлж байгаад хоёр чихийг нь огтолжээ.

Энэ хэрэг Афганистаны хойд нутгийн Балх мужид гарсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй болох Заринагийн биеийн байдал одоо тогтвортой байгаа аж. Тэрбээр эмнэлэгт хэвтэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байна.

Тэрбээр “би ямар ч нүгэл хийгээгүй. Намайг яагаад ингэснийг мэдэхгүй байна" гэж ярьжээ.

Цагдаа нарын хэлснээр, энэ эмэгтэйн нөхөр нь оргон зугтжээ.

Заринаг унтаж байхад нь нөхөр нь гэнэт сэрээж, зэрлэг балмад авирлаж эхэлсэн гэнэ.

Энэ эмэгтэй 13 настай байхдаа түүнтэй гэрлэсэн бөгөөд тэдний харилцаа тааруу байдаг байсан аж.

Тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “намайг эцэг эхтэй минь ч уулзуулдаггүй байсан. Би түүнтэй гэрлэх хүсэлгүй байсан” гэж ярьжээ.

Үүнээс өмнө Афганистанд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн тохиолдол нэг бус удаа гарч байжээ.

Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сард тус улсын баруун хойд нутгийн Фаряб мужийн алслагдсан нэгэн тосгонд Реза Гул гэдэг залуу эмэгтэйн хамрыг нөхөр нь огтолж байсан аж.

Үүнээс хэдхэн сарын дараа нэгэн эмэгтэйг нөхөр нь бараг үхтэл нь зодсон хэрэг гарчээ.

Афганистаны Засгийн газар гэр бүлийн хүчирхийллээс эмэгтэйчүүдийг хамгаалах тухай хуулийг батлахаар нэг бус удаа оролдож байжээ.

Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг парламентын дээд, доод танхимын аль аль нь дэмжсэн боловч Ерөнхийлөгч Хамид Карзай  уг хуульд хориг тавьж байсан гэнэ.

Өнгөрсөн орны сүүлчээр Афганистаны парламентын баталсан уг хуульд Карзайн халааг авсан Ерөнхийлөгч Ашраф Гани өнөөг хүртэл гарын үсэг зураагүй байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ