Ламын гэгээний жижиг улаан тэмээг үржлийн хэсгээр батлуулах зорилт тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн ХХАА-н салбарын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн зөвлөлгөөн Баянхонгор хотноо боллоо.
Зөвлөлгөөнд бүх сумдын МЭҮТ-ийн мэргэжилтэн, ЗДТГ-ын дарга нар, мал эмнэлгийн ААН-ийн удирдлага, газар тариалан эрхлэгчид зэрэг 150 орчим мэргэжлийн хүмүүс оролцож өнгөрсөн жилийн ажлын товч тайлангаа хэлэлцэж, ирэх онуудад ХХАА-н хөгжил, чиг хандлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын тухайд хамтдаа зөвлөлдөв.
2016 оны жилийн эцсийн мал тооллогоор Баянхонгор аймгийн мал сүргийн нийт дүн 4.2 саяд хүрчээ. Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст, Бууцагаан, Бөмбөгөр, Баянговь сумуудад малын тоо хамгийн их буюу 37061 – 47158 толгойгоор өсчээ. Мөн Баацагаан, Баянбулаг, Баянговь, Баянлиг, Баян-овоо, Баян-Өндөр, Баянцагаан, Богд, Бууцагаан, Баянхонгор, Жинст, Хүрээмарал, Шинэжинст зэрэг 14 сум, малаа 5 төрөл дээр нь өсгөсөн таатай мэдээллийг тус зөвлөлгөөний үеэр өглөө.
Баянхонгор аймгийн ажиллах хүчний 61.1 хувийг ХАА-н салбарт ажиллаж байгаа хүмүүс дангаараа эзэлдэг байна. Баянхонгор аймаг 2017 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ХХАА-г хөгжүүлэхээр хэд хэдэн томоохон ажлуудыг хийхээр тусгасан тухайд мэдээллийг албаны хүмүүс танилцуулсан. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс сумын малын эмч нарыг мэргэжлийнх болгох, малын үүлдэр угсааг сайжруулах, зарим омог угшлыг үржлийн хэсгээр батлуулахаар товлосон бол бэлчээрийн зөв зохистой менежментийг бий болгохоор зорьж байгааг мөн үеэр онцлов.
Хөдөө хотын хооронд мэдээлэл, соёлын ялгаатай байдлыг арилгах, малчин залуусыг хөгжүүлэх зорилгоор шинэ хөдөө хөтөлбөр, мал сүргийн тоог чухалчлах биш чанар дээр нь онцгой өөрчлөлт гаргах, улмаар төрийн торгон сүргийг бий болгох, газрыг үр ашигтай ашиглах, газар тарианг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, Баянхонгорт ургуулсан, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг бодлогоор дэмжиж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж эхлэх зэргээр малчид, тариаланч, үйлдвэрлэгчдээ дэмжсэн томоохон ажлуудыг 2017 оны үндсэн чиглэлдээ тусгажээ.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд ирэх зун Баянхонгор аймагт сүү, мах боловсруулах хэд хэдэн жижиг үйлдвэрүүд байгуулагдах ба ХХАА-н салбарыг дэмжсэн ажлуудыг үндсэндээ эхлүүлж байгаа гэдгийг мэдэгдсэн. Зөвлөлгөөнд оролцсон ХХАА-н салбарын мэргэжилтнүүд 2017 онд Ламын гэгээний жижиг улаан тэмээг үржлийн хэсгээр батлуулах, төмсний үрийн нөөцийн эргэлтийн санг бий болгох, услалтын системийн ашиглалт, эзэмшлийг сайжруулж хариуцлагажуулах, уст цэгийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой дэвшилтэт арга технологиор тэмцэх, фермер болон туслах ААН-дэд ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөлөө.
Сонирхуулахад, Улсын хэмжээнд дэгдээд байгаа малын халдварт өвчлөл гурван аймагт гараагүй байгаагийн нэг нь Баянхонгор. Иймээс хаяа залгаа аймгаас орж ирж болзошгүй халдварт өвчний аюулаас урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг ХХААГ-аас хийхээр боллоо.
Б.Мөнхзул