Ховд их сургууль 2022 он хүртэлх тэргүүлэх чиглэлээ тодорхойллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭХовд их сургууль 2017-2022 он хүртэлх Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөгний төслийн хэлэлцүүлгээ амжилттай зохион байгууллаа. Тус сургуулийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах ажил 2016 оны 09 дүгээр сарын 05-наас эхлэн 32 хүн таван хэсэгт хуваагдан дөрвөн сарын турш ажиллажээ.
Уг хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөгөөр 2017-2022 онд ХИС-ийг хөгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээ, судалгааны чадавх, сургалтын бодлого, төлөвлөлт, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, ХИС-ийн засаглал, санхүү, сургалтын орчин, мэдээллийн технологийн хөгжил гэх мэт тэргүүлэх чиглэлээ тодорхойлжээ. Тэргүүлэх чиглэл тус бүрт зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх стратегиудыг тодорхойлон шалгуур үзүүлэлтүүдээр өнөөгийн түвшинг үнэлэн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хүрсэн байх үр дүнг гаргасан байна.
Хэлэлцүүлэгт ХИС-ийн Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө” боловсруулсан зарчим, аргазүй, үйл явц, хийгдсэн ажлууд, стратегийн бүтэц, бүрдэл хэсгийн талаар Д.Түвшинбат, Стратегийн тэргүүлэх чиглэлүүд болох “Эрдэм шинжилгээ, судалгааны чадавхи”-ийн талаар доктор Ч.Мөнхбаяр, “Сургалтын бодлого, төлөвлөлт”-ийн талаар доктор О.Мөнхжаргал, “Нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр”-ийн талаар доктор Ц.Оюун, “Засаглал, санхүү, сургалтын орчин”-ы талаар Н.Батжаргал нар танилцуулж, сонирхсон асуултуудад нэмэлт тайлбар өгсөн юм.
ХИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг судалгааны их сургууль болох, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, нөөц боломжоо систем төлөвлөлттэйгээр бүрэн ашиглах, дотоод процессын эмх цэгцтэй байх зэрэг үзэл санаан дээр тулгуурлан боловсруулжээ. Ирэх жилүүдэд Ховд их сургууль “Алтайн бүсийн тогтвортой хөгжлийн хэрэгцээг хангах, тасралтгүй хөгжих чадвартай, төлөвшсөн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэж, орон нутгийн хөгжлийг загварлагч судалгааны их сургууль байна хэмээн эрхэм зорилгоо тодорхойллоо. Тус сургуулийн эрхэмлэх үнэт зүйлүүд нь Тасралтгүй хөгжлийг эрхэмлэгч, Ёс зүйг эрхэмлэгч, Хамтын ажиллагааг эрхэмлэгч, Манлайллыг эрхэмлэгч, Чанарыг эрхэмлэгч байх юм гэж ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана хэллээ.
ХИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөний төслийг нийт багш, ажилчдад танилцуулан 2017-2022 он хүртэлх Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлгээ амжилттай зохион байгууллаа.
А.Бямбасүрэн