Цогтцэций суманд дахин газар хөдлөлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Цогтцэций суманд өчигдөр орой газар хөдлөлт болжээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр тухайн бүс нутагт газар хөдлөлт болсон билээ. Энэ сарын хоёронд Улаанбаатарын цагаар 22 цаг 18 минутын үед 3.7 магнитудын газар хөдөлсөн байна. "Газар хөдлөлтийг бүртгэх Даланзадгад станцанд мэдэгдсэнээр тус сумаас баруун урагш 14км-т, Улаанбаатарын Одон орон Геофизикийн хүрээлэнгийн мэдээлж байгаагаар Тавантолгойн уурхайгаас зүүн хойш 2км-т газар хөдлөлт болсон. Өнөөдрийн авч байгаа урьдчилсан мэдээгээр Ухаа худгийн уурхайн уулын хэсэгт доргилтоос үүдэн хананаас бага зэргийн шороо чулуу унах үзэгдэл илэрсэн гэж мэдээлж байгаа. Бид газар дээр нь очиж нарийвчилсан судалгаа хийхээр явах гэж байна" гэж Газар хөдлөлтийг бүртгэх Даланзадгад станцын эрхлэгч Р.Пүрэвдорж ярилаа. Тухайн газар хөдлөлт таван удаа давтагдсан байна.
"Шөнийн ээлжийн ажилчдаа түр хугацаанд ажлыг нь зогсоож шалгалт явуулаад эргэн ажилд нь гаргасан. Ноцтой зүйл болоогүй" гэж Энержи Ресурс ХХК-ийн аврах нэгжийн ажилтан Б.Батболд хэллээ.
Д.Мишигсүрэн