Ажиллах хүчний төлөвлөлт эрэлт нийлүүлэлтийг оновчтой болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-04 01:24:33

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар хамтарч “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”, “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн санхүүжүүлэлтээр “Компаний ажиллах хүчний төлөвлөлт эрэлт нийлүүлэлтийн таамаглал” сэдэвт сургалт хийв.

Тус аймгийнхаа хэмжээнд “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тоон ба чанарын судалгаа”-г өнгөрсөн сарын 23-наас ирэх сарын 23-ны хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болж багийн гишүүддээ сургалт явуулснаар судалгааны баг ажиллаж эхэлжээ. Уг судалгааг ХААИС-ийн харьяа тус аймаг дахь Агро Экологийн сургууль, ШУТИС-ийн Дархан Технологийн их сургууль, Полтехникийн коллежийн судлаач багш нар, аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын ажилтнууд ажиллахаар болж аж ахуйн нэгж, байгууллагууд, малчин өрх, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, оюутан, хөдөлмөр эрхлээгүй иргэдээс асуулгын хуудсаар уг судалгаа авахаар тооцжээ. Уг судалгааг хийснээр ажил олгогчдын эрэлт хэрэгцээг судлаж тэдэнд шаардагдсан ажиллах хүчийг мэргэжлийн сургуулиудад бэлтгэж хөдөлмөр эрхлээгүй болон сургууль төгссөн залуучуудыг ажилд зуучлах юм.

“Малчин өрх, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн сургалтын хэрэгцээ, ажилгүйдлийн төвшинг тодорхойлж цаашид хөдөлмөр эрхлэлтийн бодлого чиглэлийг тодорхойлоход сургалтын зорилго оршиж байна” гэж аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан сургалтын нээлтэд хэлсэн үгэндээ онцлоод оролцож аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад хандаж аймгийн хэмжээнд ажилгүйдлийг багасгахыг уриалж амжилт хүслээ. Сургалтын үр дүнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжиж ажлын байр нэмэгдэх давуу талтай болно гэж зохион байгуулагчид нь үзэж байна.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ