Бургас түлшинд хэрэглэдэг нь минжний тоо цөөрөхөд нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-07 11:49:58

Ховд аймгийн Булган, Ховд голын минжний тоо толгой, нягтшил амьдрах орчны доройтлоос шалтгаалан сүүлийн үед цөөрч байна. Тухайлбал: Эрдэнэбүрэн, Жаргалант, Мянгад, Буянт сумын айл өрх, малчид малын хашаа хороо барьж бургасыг их хэмжээгээр түлшинд хэрэглэсэн нь минжний тоо цөөрөхөд нөлөөлжээ.

Мөн Булган голын урсгалыг даган Хятадын нутаг руу нүүдэллэж байна. Иймээс минжний нүүдлийг зогсоон хилийн ойролцоо тор татах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай гэж судлаачид үзэж байгаа ажээ.

Ховд их сургуулийн Биологийн тэнхмийн эрхлэгч, амьтан судлаач докторант М.Отгонбаатар, амьтан судлаач докторант Б.Ганчимэг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Нансалмаа, Булган сумын байгаль хамгаалагч Х.Хоржин, Эрдэнэбүрэн сумын байгаль хамгаалагч Н.Гантөмөр нар Булган, Ховд голын минж судлаад дээрх дүгнэлтийг гаргасан байна.

Судлаачид нэн ховор болох  минжний мөр, зам жим, мэрдэс, нүх, овоохой зэрэг ул мөрийг тэмдэглэж тоолох замаар үлдээсэн ул мөрний нягтшлыг гаргажээ. GPS ашиглан шинж тэмдгийн солбилцлол, хоорондох зай, мэрдэсийн шинэ хуучин зэргийг тогтоож бүртгэлийн хүснэгтэд бүртгэж авчээ. Судалгааны маршрут, минжний тархалт болон эзэмшил нутгийн хэмжээ, голын урт зэргийг сансрын зураг ашиглан судалгааны үр дүнг зурагт буулгасан байна.
Булган голын минжний гол тархац нутаг нь Хятад, Монголын хилээс дээш Хар усны эх, Монгол дахь тархалт хил хүртэл байна. Булган сум орчмын болон түүнээс дээш минжний тархац нутгууд дахь ой бүхий голын сав газрыг малчид, иргэд хадлан ургуулах зорилгоор бага багаар таслан торлосон нь ой сэргэх, минжний амьдрах нөхцөл бүрдсэн нь ажиглагджээ. Булган голд дунджаар нийт 128 бүл минж байгаа тоо гарчээ. Харин Ховд голд нэг км-т 0.48 минжний овоохой тохиолдож байсан бөгөөд дунджаар 52 бүл байна. Эдгээр бүлийн ихэнх нь Эрдэнэбүрэн сумын нутагт тохиолдох ба харин Онгоцны улаан уулнаас Мянгадын модон гүүр хүртэл нягтшил эрс бага байгаа ажээ.

Булган голын дархан газар нь зөвхөн минжийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой учраас 1995 онд УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дагуу өөрчилж, ховордсон амьтныг хамгаалах зорилго бүхий биологийн нөөц газар болгосон байна.
 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ