Бичин жил отголж тахиа жил айсуй

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-02-07 12:22:43

 “Марко Пологийн аялал” гэх гайхалтай сайхан номыг ихэнх уншигчид мэднэ. Европын орнуудын ард иргэд энэ аялагчийн бичсэн тэмдэглэлийг уншиж Монгол оронтой танилцсан. Тус номд Монголчуудыг XIII зуунаас өмнө тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай бичсэн хэсэг бий. “Цагаан сар гэдэг чинь уг чанартаа бөөгийн ёс” гэж тэмдэглэгдсэн байдаг.

Бүх хүн цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр урласан хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр тусалж, улс орноо төвхнүүлэн амар сайхан жаргаж суухын бэлгэдэл болдог байв. Тиймдээ ч “цагаан цайлган” сэтгэлтэй ард түмэн гэгдэх болсон юм.

Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган, жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор шинжин байж одоогийн бидний мөрдөж буй тооллоор хаврын эхэн сарын шинийн нэгнээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай.

Ирж буй шинэ улирлын нар хүн бүхний цээжинд гэгээ татуулан мандахтай зэрэгцэж малын дулаан хэвтрээс уур цан савсаж, нялх төлийн дуу малчны хотонд цангинан урин хаврыг дуудна. Үнэгэн улаан лоовуузныхаа гал улаан соронд, эрмэг хул мориныхоо ганзага сэгсрэм хатираанд хийморь нь сэргэх залуу хүү наран ургахаас урьтаж морьдоо барьж уяад тоногтой мөнгөн хазаар молор толгойд нь углаж, боржигон эмээлээ тохоод гэртээ орно.

Сувдан даруулга зүүж, нүүрээ гоёсон залуу бүсгүй өөрийн урласан дээлийг өмсч, өндөр огторгуй, өргөн дэлхийдээ цацал юугаан өргөнө. Өвлийн аниргүй талыг цовоо цолгиун дуугаар цочоож, баясгалантай өнгө нэмэх жаалууд битүүний орой наадан суусан шагайн тоглоомоо үл тоон гоё сайхан хувцсаа өмсч аав, ээжтэйгээ золгохоор сэтгэл нь яарна. Алсаас айсуй морьтой хүний бараа дун цагаан цасанд өнгө нэмж, эргэн тойрны бүхий л зүйлс шинээр төрж, амьсгалж эхлэх шиг гэгээн догдлол зүрхэнд ирнэ. Энэ бол тал нутагт орших Монгол зоны шинийн нэгний өглөө.

Энэхүү өдөр уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүглийг огоорч буян үйлдэх нь хамгийн чухал билээ. Зочин гэрийн эзэдтэй амар мэндээ мэдэлцэн золгож хойморт тухлан гарч буй жилийн өнгийг хэлэлцэж, улиран одож буй жилээ гэгээлгээр дурсдаг.

"Сайхан жил өнгөрч, сайхан жил гарлаа” хэмээн ярина уу гэхээс өнгөрсөн оны муу муухай зүйлсийг нэгээхэн ч дурьдаж хөөрөлддөггүй нь нэг талаас зан үйлтэй холбоотой, нөгөө талаар монгол түмний “цагаан идээ” шигээ цэвэр ариун сэтгэлтэйг илтгэж буй хэрэг юм.

Идээ гэснээс Монголчууд малын махны толгойн хэсгийг “эх” гэж нэрлэдэг учиртайг цагаан сараар л анх мэдэж билээ. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Үүнээс үзэхэд дан ганц бие биедээ бэлэг өгч, харилцан гараа зөрүүлж, хацараа үнсүүлдэг баяр бус гэдэг нь тодорхой. Цагаан сар бол Монголын ёс заншил, үүх түүхээ таньж мэдэхэд тустай, үндэсний хэмжээний баяр. Хүн бүр өөрсдийн үр хүүхэд, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж, гэрэл гэгээ, хөгжил өөд улс орноо урагшуулах залуу үед хамгийн чухал үнэт зүйлсээ таниулж, ахмадаа хүндлэх ёсыг зааж сургадаг. Хөр цас цөмчин туучих хүлгийн туурайн дунд эр бие сэргэж, ахмадууддаа очиж золгохоор талын жавар үл хайхран давхих нутгийн залуусыг харахад юутай бахтай. Ингэж л монгол эр хүн уулсынхаа дунд ургаж, настан буурлуудынхаа сургаалиар хүмүүждэг байх нь гэж бодогдоно.

Цагаан сараар айлд зочилж хүндэтгэл үзүүлэх нэг чухал үйл нь хөөрөг зөрүүлэх ёс. Бие биендээ хөөрөг зөрүүлж барьснаар Монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү, найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь гэрийн эзэн, гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Давхар биетэй бүсгүйчүүд хоорондоо золгодогүй нь тээж буй үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна. Ингээд бодохоор хүн бүрийн үйл хөдлөл чухал бөгөөд дор бүрнээ нарийн дэг жаяг агуулсан буй. Энэ бүхнээс хамгийн сайхан нь алгаа дэлгэж золгох ёсон юм. Гарын алгаа дэлгэснээр надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утгатай. Хүн бүр цагаан, эсвэл ихэвчлэн хөх өнгийн хадаг алган дээрээ тавьж золгодог. Тиймээс ч сүү шиг цагаан эсвэл хөх тэнгэр шигээ уужим сэтгэлтэй гэдгээ илэрхийлсэн хэрэг биз ээ.

“Цагаан сарын шинийн нэгэн
Болоод л ирвэл дээ ай хө
Цагаан эсгий гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө ай хө” гэж дуулдаг, хуурддаг ард түмэн. Дуунд нь тэнгэр, хангай уярч хахир хатуу өвөл зөөлөрдөг гэж хөгшид ярих нь ч бий. Бичин жил отголж, тахиа жил айсуй.

Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ