Нийтийн тээврийн жолооч нарт камерын хяналтын системийг сайжруулахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-07 13:15:04

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс /ХХГХУСХ/-ээс, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, уулзалт зохион байгуулж байна.

Анхны сургалт, уулзалтыг Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газар, ХХГХУСХ-ийн ажилтнууд өнөөдөр “Зорчигч тээврийн нэгтгэл"  ОНӨААТҮГ-ийн нэг, гуравдугаар баазад хийлээ.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ “Цагдаагийн ерөнхий газраас 2017 онд дэвшүүлсэн зорилт, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайн гэмт хэрэг, ялангуяа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудтай хамтран сургалт, уулзалт зохион байгуулж байна. 2016 онд үйлдэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн 20 орчим хувь нь нийтийн тээвэрт гарсан байдаг. Иймээс нийтийн тээврийн автобуснуудын камерын хяналтын системийг сайжруулахыг  компаниудад анхааруулж байна” гэж сургалтынхаа ач холбогдлыг онцлов. Ийм  сургалт, уулзалтыг  нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 22 компани дээр үе шаттай хийх юм байна. Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөн хохирч байгаа хүмүүсийн дийлэнх нь 10-25-насны залуус, хүүхдүүд эзэлдэг  судалгаа ч гарчээ. Сар шинийн баяр дөхөж, хөл хөдөлгөөн ихсэж буй  үед иргэдийг  хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас мөн анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ