Галт ууланд хамгийн гүн цооног өрөмдөх ажил дуусчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-02-07 17:20:05

РЕЙКЬЯВИК./ВВС/. Исландын баруун өмнөд нутагт орших галт уулын тогоог өрөмдөх ажил дуусчээ.

“Iceland Deep Drilling Project” төслийн геологичид 4659 м гүн өрөмдлөг хийж, галт уулын хамгийн гүн цооногийг бий болгосон байна. Энэхүү цооногийг газрын гүнээс гарах уурыг ашиглан эрчим хүч гаргаж авах зорилгоор өрөмджээ. Тэдний тооцоолсноор, цооногийн гүнд температур цельсийн +427 хэмд хүрсэн бөгөөд ирэх саруудад цооногийг өргөтгөснөөр илүү халуун болох аж.

Төслийг Исландын Рейкьянесийн хойгт орших, хамгийн сүүлд 700 жилийн өмнө дэлбэрч байсан галт уулын бүсэд хэрэгжүүлжээ. Өрөмдлөгийн ажлыг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр эхэлсэн бөгөөд анх 5000 м гүн цооног өрөмдөхөөр төлөвлөсөн байжээ. Гэвч үргэлжлүүлэн өрөмдөхөд хүндрэлтэй болсон тул хангалттай хэмээн үзээд ажлыг зогсоосон байна.

Удахгүй төслийн дараагийн шат болох цооногт хүйтэн ус шахсанаар цооногийг нээх ажлыг гүйцэтгэнэ.

Үүний дараагаар цооног дахин халахыг хүлээх аж. Судлаачдын таамаглаж байгаагаар, цооногийн температур цельсийн +500 хэмээс давах магадлалтай байна. Ингэснээр уг хоолой дэлхийн хамгийн халуун галт уулын цооног болох аж.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ