Зөвлөлдөх санал асуулгаар нийгмийг баримжаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-09 12:43:10

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн зорилт нь нийгэмд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, улмаар төрийн шийдвэр гаргуулахад чиглэгдэж байгаа юм.

Санал асуулга нь нийгэм дэх тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг мэдээлэл өгөх, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахад чиглэгдэж буй.

Зөвлөлдөх санал асуулгыг Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулах бөгөөд 5-11 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын  удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй.

Зөвлөлдөх санал асуулгын асуулт нь нэг сэдвээр хоёрдмол утгагүй, товч тодорхой, ойлгомжтой томьёологдсон байх бөгөөд тухайн асуултад гадаад үг хэрэглэхгүй. Санал асуулга хоёр шаттай байх юм. 

Зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдон гаргах зардлыг улс, орон нутгийн төсвөөс түүнчлэн олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг, хувь хүн, хуулийн этгээдийн хандиваар санхүүжүүлж болох ба хувь хүн, хуулийн этгээдийн хандивын хэмжээ нь тухайн зөвлөлдөх санал асуулгын нийт санхүүжилтийн 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асуух гишүүн байгаагүй тул уг хуулийн бүхэлд нь батлах санал хураалт явуулахад олонх дэмжснээр хууль батлагдлаа.

Б.Туул

Холбоотой мэдээ