“Алтан намар-2015” шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-19 17:08:53

“Хос мастер” шатрын Академиас зохион байгуулсан “Алтан намар-2015” цуврал тэмцээний 10 ба 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдын тэмцээн хоёр өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулав.

Тус тэмцээн насны болон хүйсийн ангиллаар тус тусдаа явагдсан бөгөөд нийт дүнгээр 16 шатрын клуб, сургуулийн төлөөлөл 44 хүүхэд оролцжээ. Мөн Сүхбаатар, Төв, Дархан-Уул, Баянхонгор аймгуудаас өсвөрийн шатарчид ирж ур чадвараа сорилоо.

Тэмцээний 10 хүртэлх насны охидын ангилалд Э.Номин /11-р сургууль/ тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн бол М.Цэцэн /"Улаанбаатар" клуб/ мөнгөн медаль, М.Тэргэл /"Ханхөхий" клуб/ хүрэл медаль хүртлээ. 10 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Э.Энх-Од /Сүхбаатар аймаг/ алтан медаль, Э.Даваажаргал /Гобичесс/ мөнгөн медаль, Н.Энхболор /Хан-Алтай/ хүрэл медалийн эзэд болов.

Харин 12 хүртэлх насны охидын ангилалд Ц.Цоггэрэл /Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль/ алтан медаль, М.Биндэрьяа /"Хос мастер" академи/ мөнгөн медаль хүртсэн бол 12 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Эрхэмбаяр /Сүхбаатар аймаг/ алтан медаль, Х.Балжинням /"Хос мастер" академи/ мөнгөн медаль, Б.Мөнхсаруул /БТС-ын сургууль/ хүрэл медаль тус тус хүртэж өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

Тусгай шагналыг Э.Амгалантэнгис /"Урамтай шатар"/, Б.Жавхлан /"Хос мастер" академи/, М.Хүслэнбаяр /"Хос мастер" академи/, Э.Сүндэрьяа /"Цэцэн нүүдэл"/, Х.Шинэзул /"Хос мастер" академи/ нар хүртлээ.

Академийн ерөнхийлөгч, спортын мастер, ФИДЕ дасгалжуулагч М.Баасанжав хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн өсвөрийн шатарчдад номын бэлэг гардуулж, баяр хүргэн, амжилт хүссэн юм. Энэ үеэр орон нутгийн оролцогчид Академийн дэргэдэх шатрын галлерейг үзэж сонирхжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ