"Энхийн шагнал" эзнээ олов

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-02-10 14:16:45

Энэ жилийн шилдэг "Энхийн шагнал"-ын эзнээр ОБЕГ-ын харьяа авран хамгаалах хүнд хүчир албанд зүтгэж хамт олноо манлайлсан жирийн албан хаагчдыг тодруулсан бөгөөд тэргүүн дээд шагналаар ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын нэгдүгээр бүлгийн усчин- аврагч, ахлах ахлагч Ч.Ганзам, дэд шагналаар ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын дөрөвдүгээр бүлгийн аврагч, ахлах ахлагч Д.Эрдэнэбат нарыг өргөмжлөв.

"Энхийн шагнал"-ыг 2011 оноос эхлэн нийгэм, улс төр, бизнес, сайн дурын үйлс, хүмүүнлэгийн олон салбараас ололт амжилт, гавьяаг нь онож шүүрдэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага салбар салбарын шилдгээс сорчлон нэр дэвшүүлдэг уламжлалтай. Эдгээр байгууллагаас нэр дэвшигчийг тусгай комисс хэд хэдэн үе шатаар нягтлан шүүж шилдгийн шилдгийг тодруулдаг юм байна.
Тэгвэл энэ жил "гавьяат үйлс, амжилтыг нь үнэлж нэг хүнд бус хоёр хүнд олгох шийдвэрийг анх удаа гаргаснаараа онцлогтой. Шагналыг Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, энх тайвны нэрт зүтгэлтэн, МУСГЗ Д.Цахилгаан, Монгол Улсын Ардын багш, Пушкины нэрэмжит олон улсын шагналт, доктор С.Галсан нар гардуулан өглөө.

Өргөмжит шагнал хүртсэн хоёр аврагчтай уулзан амжилтынх нь талаар товч сонсов.


Тэргүүн шагналт Ч.Ганзам 40 настай, нэг жилд дунджаар 300 гаруй хүний амь насыг гал түймэр, усны үер, цасан шуурга, салхи зэрэг гай гамшгаас авран хамгаалах гавьяат үйлсийн эхний дуудлагаар ажилладаг дайчин эр. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд ( 1995 оноос хойш) 110 гаруй цогцос эрэн хайх ажиллагаанд оролцож, өнгөрсөн онд л гэхэд 5 хүний амийг ослоос гардан аварчээ. Гал түймрийн 70 гаруй аврах ажилд оролцон 41 түймрийг гардан унтраалцаж, 1200 гаруй айл өрхийг аюулаас зайлуулан нүүлгэж, олон өвөлжөө, хаваржаа, мал, эд хөрөнгийг хохирлоос холтгож байсан энэ цагийн эгэл "баатар"-ын нэг юм.

Өвлийн хасах 40 хэмийн хүйтэнд ч нуур, цөөрмийн ус руу орж шатахуунтай машины эзнийг авран гаргаж, зуны нэмэх 30 хэм давсан үед халуун түймрийн цурам руу орж хүн, мал, амьтныг аварсан гээд бодохоор "Энхийн шагнал"-ын эзэн болохоос аргагүй.

Дэд байрын шагнал хүртсэн Д.Эрдэнэбат 45 настай, мөн л уул уурхайн гүнд гарсан, хууль бус алт, нүүрс олборлох гэж яваад эндсэн, эндэхээ шахсан олон хүний амь насыг аварсан байна. 412 осол аваарийн дуудлагаар олон том уурхайн осолд очиж, дэлбэрэлт, нуралт хорт хийнд боогдсон хэдэн зуун хүний амь насыг аварчээ. Онцлохуйд, уурхайн гүнд 74 цаг тасралтгүй ажиллаж, 5 хүний амийг аварсан мөч мартагддаггүй гэж байв. Өнгөрөгч онд энэ мэт 8 хүний амь насыг аварчээ. Мөн автобусны осолд орсон 24 хүнийг зөөж, үүрч, шарх, гэмтлийг хүндрүүлэлгүй эмнэлгийн тусламжтай холбож өгсөн гээд сонсоход л бахархам.

Ийм хоёр гавьяатан энэ жилийн "Энхийн шагнал" хүртсэн нь эзнээ олсон нэр төрийн хэрэг боллоо.
Ирэх жил энэ мэт олны тусын тулд ажиллаж байгаа 24 цагийн турш хүний амь насыг аврахын төлөө зүтгэдэг эгэл жирийн эмч, сувилагчдаас шалгаруулмаар юм биш үү? гэсэн саналыг маань "Дэлхийн энхийн их наадам" ТББ-ын тэргүүн Г.Ганбат санал нэгтэй хүлээн авлаа.
Уг шагналын цар хүрээ, нийгмийн үнэлэмж ингэх аваас илүү өсөх, өргөжих бус уу.

Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тус шагналын анхны эзэн нь МУСГЗ, дипломатч Д.Цахилгаан, 2012 онд хоёр дахийг Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын уран зохиолч,

СГЗ Б. Лхагвасүрэн, 2013 онд гурав дахийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, 2014 онд дөрөв дэхийг Монгол Улсын гавьяат багш "Нарны хүүхдүүд" өнчин хүүхэд асрах төвийн захирал С.Эрдэнэчулуун, 2015 онд тав дахийг Ой тогтоолтын дэлхийн аваргын мөнгөн медальт, Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар нар хүртжээ.
Харин 2016 оны зургаа дахь шагналын эзнээр ийнхүү онцгой байдлын албаны хоёр ахлах ахлагч, аврагч хүртлээ.
Шагнал эзнээ олох сайхан юм. Ёслолд оролцогсод халуунаар хүлээн авч байв.
Энэхүү ёслолд баяр хүргэхээр Монголын хүүхдийн ордны найрал дуучин багачуул багш, МУСТА С.Ганчимэгийн удирдлагаар ая дуугаа өргөв. Дэлхийн сонгодог бүжгийн жүжиг "Дон Кихот" -ын Катригийн бүжгийг улсын "Цөмөөхэй" уралдааны хоёрдугаар байрын шагналт бүжигчин охин бүжсэн нь бүүр ч гэгээлэг болгов.

Хүүхдүүдийн дунд зарласан энхийн сэдэвт уран зургийн уралдаанд шалгарсан 42 дугаар цэцэрлэгийн Т.Хүслэн, 48 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч М.Дөлгөөн, Дархан-Уул аймгийн 9 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Пүрэвчимэд, мөн аймгийн 19 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч П.Хишигбаяр нарт шагналыг нь МУГТ, Т.Үйтүмэн, МУСГЗ, соёл судлалын доктор Х.Оюунчимэг нар гардуулав.

Мөн "Зүүн хойд азийн орнуудын эв найрамдалт харилцаанд залуучуудын оруулах оролцоо" төслийн илтгэлийн тэмцээнд эхний гурван байр эзэлсэн "Воорд тайм" баг, "Интеграц" баг,

"Пацем" багийн оюутнуудад шагнал гардууллаа.
Ийнхүү энэ жилийн " Энхийн шагнал" эзнээ олсон сайхан хүндэтгэл болов.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ