47 мянган тээврийн хэрэгсэл татвараа төлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАвто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр СХД-ийн Татварын хэлтсийн энэ жилийн албан татвар төлбөрийг хураах ажлын явцтай танилцав.
“Нийслэлийн Засаг даргын болон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд албан татвар, төлбөрийн ажил нийт найман хувьтай явагдаж байгаа” хэмээн Татварын ерөнхий газрын Татварын орлогын тасгийн дарга Б.Энхтогтох хэллээ.
Тус дүүргээс нэгдүгээр сард татвар, төлбөрт хамрах 14 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 6700 нь хамарчээ. Өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд нийт 88 мянга гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигчээс 60 мянга нь буюу 67.5 хувьтай хамарсан байна.
Нийслэлийн Татварын газрын Татварын орлогын газрын тасгийн дарга Д.Очирсүрэн, “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас 26.2 тэрбум, агаарын бохирдлын төлбөрөөс нэг тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 11.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 47 мянган тээврийн хэрэгсэл татвар төлбөрөө төлөөд байна. Иргэд, ААН-үүдэд сар шинийн баяраас өмнө татвар хураалтад идэвхтэй хамарч шинэ оноо өр төлбөргүй угтахыг зөвлөж байна” гэв. Түүнчлэн Ажлын хэсгээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөртөө идэвхтэй хамрахыг уриалж байна.
Тус дүүргээс иргэдэд илүү ойр үйлчлэхийн тулд Таван шар дахь Монгол хьюндай төвийн байранд нэмэлт салбар ажиллуулж эхэлжээ. Энэ салбар нь ажлын өдөр 09:00-20:00, бямба гарагт 09:30-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчлэх юм.
Ж.Болор