Ховдын БОЭТ-ийг “Жишиг эмнэлэг төсөлд“ хамруулж өгөхийг хүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-14 18:36:36

Улсын Их  Хурлын чуулганы  завсарлагааны  хугацаанд  УИХ-ын гишүүн О.Батнасан  Ховд  аймагт  хүрэлцэн ирж,  тойрогтоо  10 хоногийн  хугацаатай  ажиллаж  байна.

Энэ сарын 14-ны өдөр  УИХ-ын гишүүн О.Батнасан  Баруун Бүсийн Оншилгоо Эмчилгээний Төвийн удирдах ажилтнуудтай уулзаж эмнэлгийн үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдлын  талаар ярилцаж, эмнэлгийн  ажилтнуудын  санал хүсэлтийг  сонссон юм.

Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааны чанар, чадамж,  Белги улсын Засгийн Газар болон Монгол Улсын Засгийн Газар хоорондын хөрөнгө оруулалт,  төслийн  хэрэгжилт  ямар  түвшинд  байгаа  талаар санал солилцлоо.

БОЭТ-ийн захирал  Т.Баяртогтох  эмнэлэгийн үйл ажиллагаа, тоног  төхөөрөмж, хүний нөөц, орны хүрэлцээ, хүн амын өвчлөлийн талаар тодорхой мэдээлэл  өглөө. БОЭТ  нь жилийн  хугацаанд  130 мянга гаруй өвчтөнд  үзлэг  оношлогоо  хийдэг.  Үүнээс  12-13 мянган  өвчтөн  хэвтэж  эмчлүүлсэн байна.  Хамгийн  ачаалалтай  тасаг  нь  хүүхдийн тасаг  аж.  Эмнэлэг  258 ортой.  387 ажилтантай.  98 их эмч,  187 сувилагч, тусгай мэргэжилтэн,  92  ажилтантай.

Мөн Эрүүл мэндийн удирдах албан тушаалтныг томилохдоо улс төрөөс ангид байлгаж,  удирдах ажилтныг сонгох эрхийг эмч, ажилтанд өгөх тухай санал асуулга явуулахад эмнэлгийн ажилтнуудын 80 орчим хувь нь дэмжсэнийг УИХ-ын гишүүнд танилцууллаа.

Түүнчлэн БОЭТ  нь  Белги улсын Засгийн Газар болон Монгол Улсын  Засгийн газрын хамтарсан  “Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих”  төсөлд  хамрагдаж  шинэ тоног  төхөөрөмж  авахаар захиалга өгсөн тухайгаа танилцуулж, Азийн хөгжлийн банкны Эрүүл Мэндийн  хөгжлийн  хөтөлбөрт  хамрагдаж  Жишиг  эмнэлэг  барихаар  болсон.  Энэ ажлыг яаралтай  эхлүүлэхэд  дэмжлэг  үзүүлэхийг  хүслээ.

УИХ-ын гишүүн О.Батнасан,  “2016 оны 6 дугаар сард тухайн  төслийн хэлэлцээр  хийгдэж  Белги  улсын  хөнгөлөлттэй  зээлээр  53 нэр төрлийн 93 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж  олгогдох юм. Төслийн  нийт  өртөг  6 сая  462 мянга 745 евро аж. Үүнээс Белги улсын Засгийн Газар 59.4, Монгол Улсын Засгийн Газар 40.5 хувийн мөнгөн дүнг төлөх юм. Төсвийн байнгын хороо 1.5 сая төгрөгийг нь төлөх тухай 2017 оны төсвийн тодотголд оруулсан  байна. Харин үлдсэн 4.5 сая орчим төгрөгийг  жилийн 1 хувийн хүүтэй болгож хугацаатай зээл хэлбэрээр төлөх тухай Белги  улсын  Засгийн Газартай ярилцаж байгаа гэлээ.

Мөн төслийн  хүрээнд ЭМЯ-ны даргад төслөөр ирэх  93  тоног  төхөөрөмжинд  аудитын хяналт хийлгэх хүсэлт гаргасан гэнэ. Учир нь “Яг Монголын орчин нөхцөлд тохирох, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтанд суурилсан, манай эмч нар ажиллуулж  болохоор, зайлшгүй  хэрэгтэй  тоног  төхөөрөмжүүдийг  сонгож  авах нь  зөв” хэмээн  үзэж байгаа аж.

Дээрх төсөл хэрэгжсэнээр Ховд аймаг баруун  таван аймгийн хэмжээнд үзлэг оношлогоо хийх давуу талтай юм. Одоогоор БОЭТ 64 дүрслэлт тодосгогчтой компьютер томографик  аппарат захиалсан байна.

Мөн Азийн хөгжлийн банкны Эрүүл Мэндийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Жишиг  эмнэлэг” барих төсөлд БОЭТ-ийг хамруулах тухай  санал хүсэлтэд  дэмжиж ажиллана гэдгээ гишүүн хэллээ. Бас аймгийн удирдлагуудад санал тавьж “Мянган угалзат” сувиллыг Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээ  үзүүлэх  газар болгон  ашиглах боломжтой гэсэн  санаачилгыг  дурьдлаа.

УИХ-ын гишүүн О.Батнасан Тайваний Засгийн Газрын Эрүүл мэндийн асуудал хариуцсан  зөвлөхтэй уулзаж аймгийн БОЭТ-д хөрөнгө оруулалт хийх талаар ярилцаж, сахарын  өвчинтэй хүмүүст  зориулсан  6  геомедализийн  аппаратыг  бэлгэнд  авчээ. Үүний 2 Баян -Өлгий аймагт,  БОЭТ-д 2 аппаратыг  нь ашиглаж байна. Ирэх 03 сард дахин 2 аппарат Тайванаас ирэх юм байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ