УИХ-ын дарга М.Энхболд Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДУИХ-ын дарга М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм. Энэ сарын 14-ний орой УИХ-ын дарга ажлын баг бүрэлдэхүүний хамт Ховд аймагт айлчлан ирж, аймгийн Хөгжимт Драмын театрт иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
Тус уулзалтын зорилго нь 04 сарын 05-ны өдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар батлах хуулиудад иргэдийн саналыг авахад чиглэж байсан юм.
УИХ-ын дарга М.Энхболдын хамт Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөр Нийгмийн Хамгаалал Яамны сайд Н.Номтойбаяр, Эрүүл Мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр УИХ-ын Тамгын Газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Б.Батбаяр, УИХ-ын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал нар хүрэлцэн ирж ажиллалаа.
Уулзалтын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд баталсан хууль тогтоомжийн хэрэгжилт хийгээд эдийн засгийн хүндрэл, нөхцөл байдлыг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд иргэдийн санал, шүүмжлэл бас талархлыг сонссон юм.
УИХ-ын даргатай хийсэн уулзалт 21 цагаас 23 цаг 30 минут хүртэл үргэлжилж, 30 гаруй иргэн шууд саналаа хэлсэн бол 50 гаруй иргэн санал хүсэлтээ бичгээр асууж хариулт авлаа.
Иргэд, ахмад настны тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, цэргийн албан хаагчийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын нөхөн төлөлт, Эрдэнэтийн 49 хувь, улсын өр, эдийн засгийн хүндрэлийн талаар тодорхой мэдээлэл авахыг хүсч байв.
Үүнээс гадна сонгуулийн хугацааг 6-8 жилийн зайтай болгох, багийн даргыг дээрээс шууд томилох, албан байгууллагын хэвтээ болон босоо томилолтыг дэг журамтай болгох, намын харъяалалаар ажлаас халдаг асуудлыг болиулах зэрэг асуудлаар санал бодлоо УИХ-ын дарга М.Энхболдод илэрхийллээ.
Иргэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар малчин Ш. Лхагва, Малын хөлийн татварыг бий болгож тэрхүү татварын хураамжийг эргүүлээд малд нь зарцуулж байх, Жаргалант сумын ахмад настан н.Рагчаадорж Монгол өв соёлоо хадгалах, хамгаалах үүднээс Казакстан улсад буй Алтан орны улсын хаан Зүчийн шарилыг сэргээн засварлахад анхаарал хандуулах санал, хүсэлт тавилаа.
Цамбагарав багийн иргэн Жаргал БНХАУ-ын хилийн боомтын татварыг багасгах, хилийн ойр орчмын хамгаалалтыг сайжруулахад анхаарч ажиллахыг хүссэн юм. Тахилт багийн иргэн н.Хаш-эрдэнэ байгаль орчин хамгаалах чиглэлээр хийж буй ажлыг нь дэмжин хиймэл нуур цөөрөм байгуулахад дэмжихийг хүссэн юм.
Түүнчлэн иргэд төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа хаалттай байна, ажилтан албан хаагчийн харилцаа, ёс зүйд доголдол байна, татварын албаны төсөв санхүүгийн ил тод байдал аймагт байхгүй хэмээн хатуу шүүмжлэлийг хэлж байлаа.
Мөн Жаргалант сумын засаг дарга, Ховд хотын захирагч Ц.Ганданповрон Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэрэгжиж эхэлсэнд талархаж хүчирхийлэлд өртсөн иргэдэд зориулсан байрыг бүтээн байгуулах саналаа илэрхийлсэн юм.
Тус уулзалтын үеэр иргэд олон нийт улсынхаа эдийн засгийг сэргээхэд, гадаадын өр зээлийг барагдуулахад хандив дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.
Энэ үеэр ХНХ-ийн сайд Н.Номтойбаяр аймгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 1 тэрбум 730 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр аймгийн засаг даргатай гэрээ байгуулсан юм.
УИХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг 02 сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллана.
А.Бямбасүрэн