Хөдөлмөрийн баатраар хичээл заалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-15 15:56:04

Увс аймгийн Улаангом политехник коллежийн удирдлагууд өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, Алтан гадас одонт, Онц тээвэрчин Бадамын Жанцансамбууг урьж авто тээврийн салбарын ангийн оюутан сурагчиддаа "Дуудах нэрийг аав ээж өгнө, Дуурсах алдрыг өөрөө олно" сэдвээр уулзалт ярилцлага хийлээ.

Б.Жанцансамбуу баатар энэ үеэр жолооч мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн хүний хувийн болон ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, хөдөлмөрийн зөв хандлага, ёс зүй, биеэ авч явах байдал зэрэг сэдвээр яриа өрнүүлжээ. Түүнчлэн жолооч хүний ажил амьдралдаа мөрдлөг болгон анхаарвал зохих зүйлс, хувь хүний зан чанар, жолооч хүнд тохиодог зовлон жаргалын талаар оюутан сурагчдад ярьж, тэдний сонирхсон асуултанд хариулсан байна.

Б.Жанцансамбуу нь 1951 онд Увс аймгийн Өмнөговь суманд төржээ. 1966-1969 онд “Цог” нэгдэлд ажиллаж байгаад 1969-1972 онд цэргийн алба хаахдаа армид жолоочийн мэргэжил эзэмшсэн байна. 1972 оноос Увс аймгийн Тээврийг удирдах газрын 9 дүгээр баазад ажиллаж, 1981 онд “Улсын залуу аварга тээвэрчин”, 1987 онд Онц тээвэрчин, 1989 онд “Осолгүй манлай” жолооч болжээ. 1974 онд хүлээж авсан “Зил-130” машинаа их засваргүй 16 жил барихдаа 1030 мянган км явж, норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, 5804.9 сая тн/км-ийн ажил хийж, 245.5 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан амжилтаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Тэрбээр 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ