Энэтхэг улс нэг дор 104 хиймэл дагуул амжилттай хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-02-15 16:34:05

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэг улс нэг дор 104 хиймэл дагуул хөөргөн түүхэн амжилт тогтоолоо. Өмнө нь 2014 онд ОХУ нэг дотор 37 хиймэл дагуул хөөргөж байсан юм.

Энэтхэгийн хөөргөсөн 104 хиймэл дагуулын 101 нь гадаад улс орнуудын хиймэл дагуулууд аж. Өмнөд Азийн энэ улс 300 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй дэлхийн сансрын аж үйлдвэрийн салбарт томоохон орон зайг эзэлдэг билээ.

Хиймэл дагуулуудыг өнөө өглөө Энэтхэгийн зүүн нутаг дахь “Шрихарикота” сансрын төвөөс хөөргөжээ.

Нэг дор ийм олон хиймэл дагуул хөөргөсөн нь Энэтхэг улс олон тэрбум доллароор хэмжигддэг сансрын зах зээл дэх гол тоглогч болсны илрэл боллоо гэж ажиглагчид үзэж байна.

“Бидний хувьд төдийгүй хүн бүрийн хувьд гайхамшигтай мөч байлаа. Өнөөдөр бид нэгэн түүхийг бүтээлээ” гэж төслийн удирдагч Б.Жаякумар хэлжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй хүмүүс төслийн багийнханд баяр хүргэсэн байна. Н.Моди твиттер хуудсандаа “сансар судлалын шинжлэх ухааны салбарынхан болон улс орноороо бид бахархаж байна. Энэтхэг орон эрдэмтэн судлаачдадаа халуун баяр хүргэж байна” гэж жиргэжээ.

Гадаадын 101 жижиг хиймэл дагуулын 96 нь АНУ-ынх бол 5 нь Израиль, Казахстан, Голланд, Швейцарь болон Арабын Нэгдсэн Эмирт Улсынх ажээ.

Энэ удаад хөөргөсөн Энэтхэгийн зураг зүйн хиймэл дагуул нь маш өндөр нарийвчлалттай зураг авч чадах бөгөөд үүнийг Пакистан болон Хятад зэрэг өрсөлдөгчдөө ажиглаж, хяналт тавихад ашиглах ажээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ