Дэлхийн II дугаар дайны үеийн тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Цэргийн мэргэжилтнүүд Германы Майн дахь Франкфурт хотын олон улсын нисэх онгоцны буудалтай залгаа орших Кельстербах хотод даваа гарагт олдсон Дэлхийн II дугаар дайны үеийн дэлбэрээгүй бөмбөгийг аюулгүй болгожээ. Энэ тухай ДПА агентлаг цагдаагийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, уг ажиллагаа орон нутгийн цагаар даваа гарагийн 23:00 цагт эхэлж, нэг цаг орчим хугацаанд үргэлжилжээ.
Тэсрэх бөмбөгний жин нь 250 кг байсан ба Британийн онгоцноос хаясан бөмбөг байжээ. Тэсрэх бөмбөг илэрсэн газрыг тойруулан 700 м-ийн радиустай хамгаалалтын бүс тогтоосон байна. Хамгаалалтын бүсэд зочид буудал, дүрвэгсдийн байр, төмөр замтай огтлолцдог хурдны авто зам байдаг аж.
Дэлхийн II дугаар дайны үед Германы нутаг дэвсгэр дээр нийтдээ 2 сая гаруй тэсрэх бөмбөг хаяснаас 20 хувь нь тэсрээгүй үлдсэн байдаг ажээ. Ажилчид зам тавих, шинэ барилгын суурь тавих гэж байгаад тэсрээгүй үлдсэн бөмбөгнүүдийг олох тохиолдол байнга гардаг. Ийм тэсрэх бөмбөгнүүд нь хүний амь насанд ямар ч аюулгүй байдаг, учир нь цэргийн мэргэжилтнүүд тэдгээрийг хэдхэн цагийн дотор аюулгүй болгодог байна.
Франкфуртын нисэх онгоцны буудал бол зорчигч урсгалын хэмжээгээрээ Герман улсад тэргүүлдэг объект юм. Тус буудал 23:00 цагаас хойш нислэг хүлээн авдаггүй учраас тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох ажиллагаа саадгүй явагдсан байна.
О.Барс