Эндрю Паздерыг Хөдөлмөрийн сайдаар баталсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-16 14:30:04

ЛОНДОН./BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хөдөлмөрийн сайдад нэр дэвшүүлсэн бизнесмен Эндрю Паздер хууль бус цагаач эмэгтэйг гэрийнхээ үйлчлэгчээр ажилд авснаасаа болж нэрээ татахаас аргагүйд хүрчээ.

“Би энэ талаар сайтар бодож тунгаан, гэр бүлийнхэнтэй зөвлөлдсөний эцэст Хөдөлмөрийн сайдад нэрээ дэвшүүлэхээс татгалзахаар шийдлээ. Хэдийгээр би засгийн газрын гишүүн болохгүй ч гэсэн Ерөнхийлөгч болон түүний багийг дэмжих болно” гэж Эндрю Паздер мэдэгджээ.

Паздер гэрийнхээ үйлчлэгчээр хууль бусаар цагаачлагч эмэгтэйг авч 5 жилийн турш ажиллуулж байснаа хүлээн зөвшөөрснөөр Бүгд Найрамдах намаас  Сенатад сонгогдсон хэд хэдэн гишүүдийн дэмжлэгийг алдсан юм.

Мөн сүлжээ ресторануудынхаа ажилтнууд болон эмэгтэйчүүдийн талаар Паздерын ярьж байсан зүйлүүд нь шүүмжлэлд өртжээ.

Үүнээс гадна, Опра Уинфригийн 1990 оны телевизийн нэгэн шоу нэвтрүүлгийн үеэр Паздерын өмнөх эхнэр Лиза Фирштейн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байснаа ярьсан нь Сенатын хорооны  анхааралд өртжээ. Харин дараа нь Фирштейн 1 дүгээр сард Сенатын гишүүдэд илгээсэн захидалдаа, Паздер хэзээ ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэж мэдэгдсэн байна.

Паздерын талаар түүний эзэмшлийн сүлжээ ресторануудын ажилтнуудаас гомдол ирдэг байжээ. Тухайлбал, цалин өгдөггүй, ажлын байранд бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэж дурдсан байсныг Сенатын гишүүд мөн анхааралдаа авчээ.

“Эдгээр мэдээллүүд гарснаар би энэ нэр дэвшигчийн тухайд тун их эргэлзэх болсон” гэж Өмнөд Каролин муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Тим Скотт мэдэгдсэн байна.

Түүнээс гадна, Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч нь сүлжээ ресторануудаа сурталчлахын тулд усны хувцас өмссөн загвар өмсөгчидтэй хамт авахуулсан зургаа ашигласан нь шүүмжлэлд өртжээ.

Ингэснээр Трампын санал болгосон хүмүүсийн дотроос сайдаар томилогдож чадаагүй эхний  хүн нь Э.Паздер болж байна.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ