"Эгшиглэнт говь" яруу найргийн наадмын тов гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 15:03:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт жил бүр болдог "Эгшиглэнт говь" яруу найргийн наадмын товыг олон нийтэд зарлаад байна.

Аймгийнхаа оны шилдэг шүлэгчийг шалгаруулдаг тус наадмыг ирэх сарын 21 буюу "Дэлхийн яруу найргийн өдөр"-өөр зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн наадамд аймгийнхаа нийт сумдаас яруу найраг сонирхогчдыг оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд оролцохыг хүссэн хүмүүсийг бүртгэж байна. Өмнөговь аймгийн ЗДТГазар дэмжиж аймгийн утга зохиолын нэгдэл зохион байгуулдаг уг яруу найргийн наадам нь жилдээ ганц болдог, аймгийнхаа яруу найрагчдын чансааг шалгадаг томоохон наадам ажээ.

Тус утга зохиолын нэгдлээс жил бүр цомтой хоёр яруу найргийн наадам зохион байгуулдаг бөгөөд нэг нь энэхүү наадам юм. Харин нөгөө нь хавар "говийн сакура" буюу бүйлс цэцэглэх цагаар зохион байгуулдаг "Буйлс цэцэглэх цагаар" хайрын шүлгийн наадам юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ