Мексикийн талстлаг хаднаас 50 мянган жилийн настай нян олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-02-20 15:11:57

БОСТОН. /Xinhua/. Мексикийн "Наика" уурхай доторх аварга том талстан дотроос удаан хугацааны турш унтаа байдалд байсан нянгуудыг эрдэмтэд илрүүлсэн байна. Эдгээр нь 10000-50000 орчим жилийн настай байжээ.

Мексикийн Чихуахуа муж улсад орших хар тугалга, цайр болон мөнгө олборлодог Наика уурхай нь 1.2 м-ийн голчтой, 15 м-ийн урт аварга том селенитийн талстуудаараа алдартай. Талстлаг агуй дотор цельсийн -60 орчим хэмийн хүйтэн байдаг бөгөөд чийглэгийн түвшин маш өндөр.

Агуйн гүнд гэрэл нэвтэрдэггүй тул амьдрал оршин тогтнох гол нөхцөл нь химийн синтез буюу химийн урвалын үр дүнд бий болсон энергийг олж авах үйл явц болдог аж.

Калифорни муж улсын Моффет Филд дахь НАСА-гийн Астробиологийн хүрээлэнгийн захирал Пенелопе Бостонгоор ахлуулсан судлаачдын баг талстлаг унжлагануудын хагархай зай, завсруудын дотор нянгууд байгаа илрүүлжээ. Тэд унтаа байдалд байсан эдгээр нянгуудыг лабораторийн нөхцөлд сэргээсэн байна. 

П.Бостоны ярьснаар “зарим хүмүүс эдгээр нянгуудыг илүү урт настай гэж үзсэн. Эдгээр нянгуудын хувьд одоогийн генийн санд байгаа ямар ч организмтай холбоогүй, их өвөрмөц биетүүд” ажээ.

Ийм төрлийн судалгаанууд амьдрал гэдэг ямар бөхөшгүй зүйл болохыг, нянгууд ямар ч хатуу ширүүн нөхцөлд, тухайлбал, Дэлхийгээс гадна өөр бусад гараг дээр дасан зохицох чадвартай болохыг харуулсаар байна.

Б.Мишээл 

 

Холбоотой мэдээ