Архаг ядаргаа нь гэдэсний нянгийн“буруу бүтэцтэй" холбоотой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-02-21 09:35:04

МОСКВА. /TASS/. Үүсэх шалтгаан механизм нь одоо болтол сайн тодорхой болоогүй байгаа түгээмэл өвчнүүдийн нэг болох архаг ядаргааны хам шинжийн биологийн маркерыг эрдэмтэд анх удаагаа илрүүлжээ.

Үүний дүнд уг өвчлөл нь нарийн гэдэсний бичил орчны бүтэц, бичил биетүүдээр үүсгэгддэг цусан дахь үрэвслийн үйл явцтай холбоотой болох нь тодорхой болсон байна.

Архаг ядаргааны хам шинж /АЯХ/ нь насанд хүрсэн хүмүүсийн 11 хувьд нь илэрдэг түгээмэл өвчин юм. Уг өвчний шинж тэмдгүүд нь амархан ядрах, тамирдах, толгой, булчин өвдөх зэргээр илэрдэг. АЯХ үүсэх шалтгаан нь өнөө хүртэл тодорхой болоогүй байгаа учраас ямар нэгэн эмчилгээ байдаггүй байна.

Харин Британийн биологчид саяхан нэг судалгаа явуулахдаа уг өвчлөлийн биологийн маркерыг илрүүлж чаджээ. АЯХ-тай цөөнгүй өвчтөн ходоод гэдэсний замын асуудалтай байдаг. Тухайлбал, тэдгээр өвчтөнүүдэд нарийн гэдэс цочрох хам шинж илэрдэг. Нарийн гэдэсний бичил орчны бүтэц нь АЯХ үүсэхтэй холбоотой байх магадлалтай гэж судлаачид үзжээ.

Уг таамаг ортой эсэхийг тогтоохын тулд эрдэмтэд АЯХ-тэй 48 өвчтөн мөн 39 эрүүл донор хүний өтгөн болон цусны дээжинд шинжилгээ хийжээ. Нарийн гэдэсний бичил орчны төрлийн бүтцийг 165 рРНК-ийн /ДНХ-ийн нуклоид дарааллыг тогтоох арга/ тусламжтайгаар тодорхойлсон ба бичил биетүүдийг рибонуклеин дахь нуклеотидын дарааллын шинжээр нь таниулжээ.

Эрүүл доноруудтай харьцуулахад АЯХ-тэй өвчтөнүүдийн бичил биетүүдын олон төрөлт байдал нь ядмаг байжээ. Өөрөөр хэлбэл, үрэвслийн үйл явцтай холбоотой бичил биетүүд илүү олон, харин үрэвслийг дарах бичил биетүүд эсрэгээрээ цөөн байжээ. Өвчтөнүүдийн цусанд үрэвслийн биологийн маркер байхыг эрдэмтэд илрүүлсэн ба тэдгээрийг нарийн гэдэсний гэмтсэн ханаар дамжин цусанд орсон гэдэсний нянгууд үүсгэсэн байх магадлалтай аж.

Хэдийгээр одоохондоо эдгээрийн аль нь уг шалтгаан, аль нь үр дагавар болохыг хэлэх боломжгүй байгаа ч өвчтөнүүдийн цус, өтгөн дахь маркераар нь судлаачид эдгээр өвчтөний 83 хувь нь АЯХ-тэй болохыг тогтоож чаджээ. Цаашдаа энэ аргыг оношилгооны туслах арга болгон ашиглах боломжтой. АЯХ-ийн зарим шинж тэмдгүүдийг хөнгөвчлөхийн тулд ашигтай бичил биетүүдийг агуулсан пробиотикууд болон эдгээр микробуудыг тэжээдэг пребиотикуудыг ашиглаж боломжтой ажээ.

Их Британийн Корнеллийн их сургуулийн генетикчид, бичил биологичдын судалгааны дүн "Microbiome" сэтгүүлд нийтлэгджээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ