Зорилтот бүлгийн малчдад тусламж хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-21 22:51:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-аас санаачилж өрнүүлсэн малчдад туслах “1000 төгрөг”-ийн аянд тус аймгийн нийт 155 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, 10 мянга гаруй албан хаагч, иргэд оролцож хандивын дансаар нийт 9 сая 750 мянган төгрөг, 8 сая 800 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий мал маллагаанд шаардлагатай эд материал цугларчээ.

Эдгээр цугларсан хандивыг дөрвөн суманд тэгш хувааж малын тоо толгой багатай, мал маллагаанд хүн хүч дутмаг, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх зэрэг зорилтот бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэж өгөх ажлыг цагаан сарын шинийн нэгний өмнө зохион байгууллаа.

Дархан суманд хуваарилсан хандивыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, сумын орлогч  Д.Батбаяр нар сумынхаа Малчин багаас Хонгор сумын “Хүйтний гол”, “Зулзага”,” Ноёнхонгор” зэрэг газруудад өвөлжиж байгаа 25 малчин өрхөд хүргэлээ. Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал: “Манай сум 2016 оны жилийн эцэст 72.2  мянган толгой мал тоолуулсан. Нийт 808 малтай өрх байгаагийн 345 нь малчин өрх юм. Эдгээрээс зорилтот бүлгийн малчин өрхүүдэд цугларсан хандивыг хүргэж өгөхийн зэрэгцээ өвөлжилтийн байдалтай нь танилцаж малчдынхаа санал хүсэлтийг сонсож явна” гэв.

Аймгийн ИТХ-аас зарласан аянаар цугларсан хандивыг бүх сумын зорилтот бүлгийн малчдад нэгэн зэрэг хүргэж байгаа нь энэ юм.  

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ