Ч.Мөнгөндалай Даланзадгадад хүрэлцэн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 15:24:26

МЗХ-ны “Залуу дугуйчин” клубын гишүүн Чимэдсэнгийн Мөнгөндалай Даланзадгадад хүрэлцэн ирлээ.

Тэрээр Монголоо дугуйтай бүтэн тойрох аялалаа 2 дахь жилдээ үргэлжлүүлж байна. Мөнгөндалай төрөлхийн ярьж чаддаггүй. Гэсэн ч “Хөгжлийн бэрхшээл хүсэл мөрөөдөлд саад болохгүй” уриатайгаар өнгөрсөн 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл баруун 13 аймгийн 260-аад сумаар нийт 6200 км замыг зөвхөн дугуйтай туулж, өчигдөр ийнхүү Өмнөговь аймгийн төв Даланзадгадад хүрэлцэн ирлээ.

Тэр явсан газар бүрээсээ мэдээлэл цуглуулан мөн тухайн газар нутгаар аялсныг үнэн болохыг тодорхойлсон албан бичгийг нэг бүрчлэн авсаар явсан байна. Бүр зарим сумдын ойн баяруудтай таарч, ойн хүндэт тэмдэг, баярын бичгээр энгэрээ мялааж явжээ. Түүнчлэн хилийн бүс нутгаар аялж, Монгол Улсын өмнөд цэгээс Гашуунсухайтын хилийн боомт хүрч, тэндээсээ шууд Даланзадгадыг зорьсон нь энэ. Тэрээр аялах хугацаанд нь өлсөж цангахаас эхлээд хөдөө хээр хонох, хээрийн боохойтой нүүр тулах гээд олон бэрхшээлтэй учирчээ.

Дугуйчин залууг аймгийн Залуучуудын холбооныхон хүлээн авч, монгол хүний ёсоор хоол цайгаар дайлан замын хүнсийг нь базаан тухтай сайхан амраагаад аян замд нь үдлээ. Дугуйчин Мөнгөндалай Баян-Өлгий аймгаас аяллаа эхэлж, Таван богдын хүйтний оргилоос анх аян замдаа гарсан байна. Түүний хувьд нэг томоохон бэрхшээл нь аяллын явцад дугуй нь маш хурдан элэгддэг явдал аж. Одоогийн байдлаар тэр 1400 ам.долларын үнэтэй дугуй унасан байгаа юм. Энэ дугуй автомат км заагчтай бөгөөд машинд ачих боломжгүй. Нийтдээ дугуй, чиргүүл, бусад аяллын хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгээ нийлээд 200 орчим кг гэнэ.

 С.Сумьяа

 

Холбоотой мэдээ