Jay Z "Алдрын танхим"-д залрах анхны рэппер боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-23 16:02:23

МОСКВА. /ТАСС/. Грэммийн олон удаагийн шагналт Америкийн нэрт рэппер Jay Z (Шон Кори Картер) Нью-Йорк хот дахь дуу зохиогчдын “Алдрын танхим”-д залрах анхны рэппер боллоо.

“Цомгууд нь 100 сая гаруй хувиар борлогдсоноор Jay Z бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой уран бүтээлчдийн нэг болсон” гэж түүнийг "Алдрын танхим"-д нэр дэвшүүлсэн хорооны мэдэгдэлд дурджээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Жорж Майкл, Мадонна болон Кэт Стивенс нарын нэрийг "Алдрын танхим"-д залрах хүмүүсийн жагсаалтад оруулжээ. 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл явагдсан интернет санал асуулгад оролцсон хөгжим сонирхогчид хамгийн шилдэг хоёр уран бүтээлчид саналаа өгөх ёстой байлаа. Хамгийн гайхалтай нь Жорж Майкл, Мадонна, Кэт Стивенс нарын хэн нь ч эцсийн жагсаалтад багтаагүй аж. Шүүгчдийн шийдвэрээр энэ онд "Алдрын танхим"-д  Jay Z болон хөгжмийн салбарын бусад зүтгэлтнүүд залрахаар болжээ.

1969 онд алдартай дуучдын хөгжмийн өвийг хадгалж хамгаалах зорилгоор Жонни Мерсер гэдэг хүний байгуулсан дуу зохиогчдын "Алдрын танхим"-д одоогийн байдлаар Боб Дилан, Элтон Жон, Леонард Коэн нарын 400 орчим алдартны нэрс байдаг ажээ. Jay Z-г  "Алдрын танхим"-д бүртгэн авах ёслолын ажиллагаа Нью-Йорк хотод энэ оны зургадугаар сарын 15-ны өдөр болно.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ