Ажил үйлсээрээ Улаанбадрах сум манлайллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-23 17:07:13

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Улаанбадрах сум 2016 оны үйл ажиллагааны үр дүнгээр бусад сумдаа магнайлж аймагтаа эхний байрт шалгарлаа.

Монгол Улсын Засгийн газрын болон Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр хийгээд орон нутгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд иргэд олон нийтээс өндөр үнэлгээ авч ажиллажээ.

Тухайлбал, тус сумын Сангийн далай багийн иргэдэд үйлчлэх төвийг шинээр барьж, сумын  төвийн хогийн цэгийг цэгцэлж, нийтийн ахуйн үйлчилгээний барилга болон ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны бохирын системийг засварлаж, сумын орон нутгийн хөгжлийн сангийн 114.3 сая төгрөгийн хөрөнгийг үр дүнтэй ашигласан байна.

Мөн БСШУСЯ-ны “Шинэ зууны боловсрол” төсөл болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар  ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын сургалтын орчин бүрдүүлэх, дотуур байрны ая тухтай нөхцөлийг хангах зэрэгт 64.7 сая төгрөгийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.

Сумын төвийн худаг уруу ЦДАШ татах, хөдөөгийн 3 багт уст цэг нэмэгдүүлэх зорилгоор 12 худаг сэргээн засварлах, Хүүхдийн цэцэрлэгийн барилгын дээврийг засварлах, “Аргалант” багийн иргэдэд үйлчлэх төвийн барилгыг шинээр барих зэрэг ажлуудыг Коже говь ХХК-ийн 136,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн байна.

орон нутагт уул уурхай эрхэлдэг "Кожеговь" ХХК-ийн "FXB" байгууллагын орон нутгийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд сумын амжиргааны түвшнээс доогуур орлоготой 7 өрхийг хамруулж, сурагчийн дүрэмт хувцас, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн даатгал төлөх, орон байрны дэмжлэг, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр  сар бүр дэмжлэг үзүүлж байна.

Тус сумын засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн хувьд хүн амын тоо өмнөх оноос 1,8 хувиар нэмэгдэж, шинээр  ажлын байрны тоо нэмэгдэж ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт, сурлагын стандарт хангалт 100 хувьд хүрч, эхийн болон нялхсын эндэгдэл гараагүй байна.

Сурагчийн авъяасыг хөгжүүлэх чиглэлээр чөлөөт бүх, үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 8 медаль, даамын тэмцээнд  4 медаль хүртсэн амжилт гарсан байна.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ