“Хайр дүүрэн гар” сэдэвт аян зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-04 22:42:03

Дархан-Уул аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” байгуулагдсаны 55 жилийн энэ оны аравдугаар сарын дундуур болно.

Тус холбооны удирдах зөвлөлөөс эрхлэн хэвлэлийн хурал хийж түүхт ойгоо угтаж аймгийнхаа амьжиргааны орлого багатай зорилтот бүлгийн  55 эмэгтэйд туслаж сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор “Хайр дүүрэн гар” сэдэвт аяныг “Хайр дүүрэн гараараа, Халуун сэтгэл түгээцгээе” уриан дор эхлүүлснээ зарлав. Аяныг энэ сарын наймнаас ирэх 10 дугаар сарын хоёрны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр тогтжээ. Аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо нь анх 1962 оны 10 дугаар сарын 21-нд “Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл” нэртэйгээр байгуулагдаж байсан бол тэр цагаас хойш орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн дунд олон талт ажлыг зохион байгуулж эрх ашгийг нь хамгаалж иржээ. Тухайлбал 1989 онд аймгийн “Эмэгтэйчүүдийн ордон”-г тухайн үеийн “Коммунист субботник”-ээр барьж олон нийтийн хандав тусламжаар бүрэн тохижуулж эмэгтэйчүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт явуулдаг танхимууд, хурлын болон бүжгийн заалтайгаар ашиглалтад оруулж байжээ.

Өөрийн гэсэн ордонтой болсон тус холбоо оёдол, наамал, хатгамал, нэхмэлийн төрөлжсөн сургалтуудыг явуулахын зэрэгцээ “Шилдэг ээжүүд”, “Мянган ээжийн баяр”, “Оны шилдэг эмэгтэй” зэргийг аймгийн ЗДТГ болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн аж.

                                                                                                                                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ