Калифорнид мөргөлдөөн болж 7 хүн шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-06 09:35:47

НЬЮ-ЙОРК. /TASS/. Бямба гарагт Калифорни муж улсын Беркли хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөний үеэр наад зах нь  долоон хүн шархаджээ.  Энэ тухай хотын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээллээ.

Мөргөлдөөн Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид Трампыг дэмжин цуглаан хийж байх үер болсон байна. Уг цуглаан болж буй газраас холгүй Трампыг эсэргүүцэгчид мөн арга хэмжээ зохион байгуулж байжээ. Цагдаагийн газрын мэдээгээр, цуглаанд оролцогсдын нийт тоо 200-300 байсан аж. Хэсэг хугацааны дараагаар хоёр талын хооронд толхилцоон үүсч улмаар бороохой, мод чулуу, шийдэмдээ тулжээ.

Хууль сахиулах байгууллагынхан 10 гаруй хүнийг баривчилсан байна. Цуглаанд оролцогсдоос хурааж авсан зүйлсийн дотор төмөр труба, бороохой, бейсболын цохиур зэрэг байжээ. 

Бямба гарагт АНУ-д Трампыг дэмжсэн олон арван цуглаан, жагсаал болж болсон бөгөөд тус улсын 28 гаруй муж улсын хотод хүмүүс гудамжинд гарч жагсчээ. Бусад хотуудад ч мөргөлдөөн гарсан тухай мэдээлэл ирж байгаа боловч эдгээр нь олныг хамраагүй байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялснаас хойш түүнд дургүйцсэн хүмүүсийн зохион байгуулж буй эсэргүүцлийн ажиллагаа үе үе болсоор байгаа юм. 

Олныг хамарсан хамгийн том жагсаал Вашингтонд 1 дүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр болж, улмаар хүчирхийлэл болон даамжирсны улмаас 230 орчим хүн баривчлагдаж байжээ. Маргааш нь Америкийн нийслэлийн гудамжинд 500 мянга гаруй хүн гарч жагссан боловч хууль зөрчсөн тохиолдол гараагүй юм.

О.Барс

 

Холбоотой мэдээ