Франсуа Фийоныг дэмжсэн цуглаан Парист болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-06 11:07:02

ЛОНДОН. /PARIS/. Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Франсуа Фийоныг дэмжигчдийн цуглаан Парис хотод эхэллээ.

Хэдийгээр ойрын өдрүүдэд Фийоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй байгаа боловч тэрбээр урьдын адил нэр хүндтэй хэвээр байгаа, түүний сонгуулийн кампанит ажил үргэлжилж байгааг энэ удаа болж буй олон мянган хүний цуглаан харуулах юм.

Бүгд найрамдахчуудын нэр дэвшигчийн нэр хүнд санхүүгийн дуулианы улмаас нэлээд ганхжээ. Фийон эхнэрээ ажилд оруулан, хийгээгүй ажлын төлөө түүнд цалин олгосон гэх дуулианд холбогдоод байгаа юм. Харин Фийон болон түүний эхнэр энэ бүхнийг үгүйсгэсээр байна.

Олон нийтийн санал асуулгын дүнгээр, францчуудын 70 хувь нь түүнийг нэрээ татах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Даваа гарагт намын удирдлага үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр болжээ.

BBC-ийн Парис дахь сурвалжлагчийн мэдээлснээр, хэрвээ Фийон үнэхээр өөрийгөө нэр хүндтэй байгаа гэдгийг батлан харуулахыг хүсч байгаа бол энэ удаагийн цуглаанд тэрбээр 50 мянгаас доошгүй хүнийг оролцуулах ёстой гэнэ. Харин түүний өрсөлдөгчдийн мэдэгдэж байгаагаар, цуглаанд оролцогчдыг зохион байгуулалттайгаар автобусаар зөөж байгаа аж.

Тоймчдын үзэж байгаагаар, хэрвээ Фийон нэрээ татах эсвэл намаас нь хүчээр нэрийг нь татуулсан тохиолдолд түүнийг орлох цорын ганц хүн бол Бордо хотын дарга Ален Жюппе юм.

О.Барс

 

Холбоотой мэдээ