Хар нүхний ойролцоох материуд халж, хөрдөг болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-03-06 15:28:03

НЬЮ-ЙОРК./TASS/.Хар нүхний "юүлүүр"-ийг тойрон эргэлддэг материудын хуйларсан урсгал нь сансрын хэмжээсээр маш хурдан буюу хэдхэн цагийн дотор халж, хөрдөг байна. Энэ онцлогийг Америк болон Европын одон орончид анх удаагаа ажиглан тогтоосон тухай лхагва гарагт NASA агентлаг мэдээллээ.

Судлаачид ажиглалт хийхдээ NuSTAR дуран авай, Европын Сансрын агентлагийн тойрог замын XMM-Newton дуран авайг ашиглаж, Центаврын орд дахь  IRAS 13224-3809 галактикийг сонгон авсан байна.

“Хэт их масстай хар нүхнүүд нь өөрсдийг нь хүрээлсэн орчинд нөлөө үзүүлдэг. Хар нүх орчмын бүсээс дэгддэг “салхины” хүчтэй урсгал нь ийм нөлөөллийн нэг байж магадгүй” гэж судлаачдын багийн гишүүн, Калифорнийн Технологийн их сургуулийн профессор Фиона Хэррисон ярьж байна.

“Бид анх удаагаа температурын томоохон өөрчлөлтийг ажиглалаа. Энэ өөрчлөлт нь “салхи” хэрхэн үүсдэг, эдгээр салхи галактикт хэр их хэмжээний энерги авчирч чадах вэ гэдгийг тодорхойлох боломжийг бидэнд олгоно” гэж тэрбээр тодруулжээ.

Хар нүх нь орчин цагийн төсөөллөөр асар их масстай байдаг бөгөөд ямар ч төрлийн цацралт, тэр дундаа гэрэл нь хар нүхний таталцлын хүчний соролтоос мултарч чаддаггүй байна. Хар нүхнүүд юу ч цацруулдаггүй учраас тэдгээрийг олж харах боломжгүй байдаг. Харин одон орны физикчид ойр орчимд нь үүсдэг рентгений туяагаар тэдгээрийг илрүүлдэг болжээ.

Маш олон тооны галактикийн төвд нарны аймгийн массаас хэдэн сая дахин их масстай хар нүхнүүд байдаг ба тэдгээр нь ойр орчмын оддын тоос, хий болон оддыг өөртөө соронздон татаж байдаг. Хар нүхний ойролцоо байдаг боловч уг нүх рүү унаагүй байгаа бодисоос хуйлрал үүсдэг аж. Түүн дотор байгаа матери нь юүлүүр дотор байгаа мэт хар нүхийг тойрон эргэлддэг ба үрэлтийн улмаас халж, улмаар хурц гэрэл ялгаруулан цацарч эхэлдэг байна.

О.Барс

 

 

 

Холбоотой мэдээ