А.Карловыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Оросын иргэн эмэгтэйг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-06 17:23:17

АНКАРА./Sputnik/. ОХУ-аас Турк улсад сууж байсан Элчин сайд Андрей Карловын амь насыг бүрэлгэсэн хэрэгт Оросын иргэн болох нэгэн эмэгтэйг сэжигтнээр татан баривчилсан тухай Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, 33 настай Екатерина гэгч нь А.Карловыг хөнөөсөн цагдаагийн офицер Мевлют Mерт Алтинтас гэгч этгээдтэй өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр телефон утсаар харилцаж байжээ.

Анкара дахь ОХУ-ын ЭСЯ энэ мэдээлэлтэй холбогдуулан одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд уран зургийн галерейд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцон үг хэлж байх үед нь Элчин сайд А.Карловыг Мевлют Мерт Алтинтас буудан хөнөөсөн юм. Гэмт этгээдийг цагдаа нар хэргийн газарт буудан устгасан билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ