1500 гаруй боодол өвс авахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-07 12:18:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ихэнх нутгаар энэ жил өнөтэй өвөл болсон. Тус аймгийн Даланжаргалан суманд Мичин жилийн өвөл 154 мянга гаруй толгой мал өвөлжсөн бөгөөд цас багатай, хүйтний эрч сул байсан тул мал, малчид өвлийг ажрахгүй давжээ.

Орон нутагт хаваржилт ямархуу байгаа талаар сумын Засаг дарга С.Уранцэцэгээс тодруулахад “Манай суманд  бороо хур бага орж, өвсний гарц тааруу байсан тул мал төллөх үеэр идэш хоолны хүрэлцээ муудаж магадгүй болоод байна. Мичин жил болж буйтай холбогдуулж малчид хувийн бэлтгэлээ сайтар хангасан. Өнгөрөгч намар манайд суманд хадлангийн бригад шинээр байгуулагдсан нь өвс хадлан авахад багагүй  дэм боллоо.

Сумын хэмжээнд малчид, иргэдтэйгаа хамтарч нийт 190 гаруй тонн өвс бэлтгэсэн. Гэхдээ сумын нөөцөөд буй өвсийг хүрэлцэхгүй гэж үзээд аймгаас 1500 гаруй боодол өвс авахаар  яриа хэлцэл хийлээ” гэв.

Даланжаргалан суманд бог мал түрүүчээсээ төллөөд эхэлжээ.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ