ХХЕГ-т Хилийн тухай шинэчилсэн хуулийн эх бичвэрийн хувийг гардуулан өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-09 14:51:43

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өнөөдөр ХХЕГ-т Хилийн тухай шинэчилсэн хуулийн эх хувийг гардуулан өгөх ёслолын ажиллагаа боллоо. 24 жилийн өмнө баталсан Хилийн тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн 12 дугаар сарын 28-нд шинэчлэн батласан юм. Энэхүү хуулийн эх хувийг ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гардуулан өгөв.

Ёслолын ажиллагаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт,  1993 онд Монгол улсын хилийн тухай бие даасан хууль мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг баримт бичгүүдийг уялдуулан боловсруулж  УИХ-аар дахин хэлэлцээд Хилийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Тиймээс ХХЕГ-ын удирдлага, хилчин бүхэн Хилийн тухай хуулийг сайтар судалж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, Засгийн газар, ХЗДХЯ-ны түвшинд  гаргах эрх зүйн хэм хэмжээг шуурхай боловсруулан хэрэгжүүлэх, бүс нутаг, хил залгаа орнуудын хэмжээнд терроризм, үнэдстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, зэвсэг хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргүүдийг таслан зогсоох, хилээр нэвтэрч, гарч, орох зорчигч, тээврийн хэрэгслийн үйлчилгээг шуурхай  болгох, хилийн боомын хяналт , шалгалтыг сайжруулах, гарч болзошгүй хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх үүргээ чанд биелүүлэх үүргийг  хилчдэд өглөө. Үүний дараа ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн УИХ, ХЗДХ-ийн яам, хуулийн ажлын хэсгийнхэнд хуулийг шинэчлэхэд сэтгэл зүрх гарган ажилласанд талархал илэрхийлээд тушаалаар зарим хүнийг шагнав. ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, тус яамны газрын дарга  П.Сайнбилэг, ажилтан Т.Нармандах нарт ХХЕГ-ын дээд шагнал "Сүлдэт багана", өргөмжлөл гардууллаа. Мөн 1993 онд батлагдан мөрдөж байсан хуулийн эхийг  ХХЕГ-ын музейн архивт шилжүүлэн, хүндэтгэлтэй залах ёслолыг  гүйцэтгэсэн нь хилчид хуулиа ихэд хүндэтгэн дээдэлдгийн илэрхийлэл болов.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ