Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх өргөдлийг ирэх сарын 1-ээс авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-09 21:22:33

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэдэд газар өмчлүүлж, эзэмшүүлэх өргөдлийг ирэх сарын 1-ээс авч эхлэх нь ээ.

Энэ жил иргэнд гэр бүлийн зориулалтаар 56,7 га, аж ахуйн зориулалтаар 32 га, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар 129,7 га, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 327,2 га, аялал жуулчлалын зориулалтаар 10 га газрыг тус тус эзэмшүүлэх юм байна.

Мөн хөдөө аж ахуйн зориулалтаар 454,3 мянган га газрыг хамгаалалтанд авахаар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байна. Үүнээс гадна Улаангом суманд 2017 онд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын хэмжээ, байршилыг өнгөрсөн оны 12-р сард хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар баталж өгчээ. Иргэдийн эзэмшиж байгаа 16,8 га хашааны газрыг үнэгүй өмчлүүлэх бол аж ахуйн зориулалтаар 32,02 га газрыг худалдаж өмчлүүлэхээр болсон байна.

Түүнчлэн иргэнд гэр хашааны зориулалтаар шинээр 23,17 га газар эзэмшүүлэхээс гадна төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах зориулатаар 217 га газар эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Улаангом суманд төрийн албан хаагчийн 20 айлын орон сууцны орчимд 79 гражийг чөлөөлж 0,41 га газарт орон сууц, ногоон байгууламж байгуулахаар энэ оны төлөвлөгөөнд тусгасан байна. Тэрчлэн, 9-р багийн нутагт 4,6 км-т сайжруулсан шороон зам тавигдахаас гадна 3-р багийн нутагт 5 байршилд 4200 метр квадрат газарт орон сууц барих төсөл сонгон шалгаруулах юм байна. Харин худалдаа үйлчилгээний зориулалтаар 10 байршилд 3,7 га газар эзэмшүүлэх аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ