Дэлхийн Евро-Азийн ортопедын анхдугаар их хурал Орос улсад  чуулна 

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dogsom@montsame.mn
2017-03-10 14:52:04

Москва хотноо  Евро-Азийн ортопедын анхдугаар их хурал ирэх 6 дугаар сарын 29-30-нд чуулна. Дэлхийд  анх удаагаа болох энэхүү арга хэмжээнд ОХУ, ТУХН-ийн  орнууд болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас 3000 гаруй төлөөлөгч оролцох гэж байна.

Чуулганыг  Оросын иргэний болон цэргийн эмч нар тус улсын Эрүүлийг хамгаалах яамны дэмжлэгтэйгээр зохион явуулна. Их хурлын хүрээнд  эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүд, төрийн бүтэц болон  бизнесийн бүлгийнхэнд зориулсан шинжлэх  ухаан- практикийн 20 орчим  чиглэлийн 200 гаруй арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөжээ. 

Зохион байгуулагчдын үзэж буйгаар,  Евро-Азийн ортопедын энэхүү  чуулганд Монгол улсын оролцоо маш чухал ач холбогдолтой аж.  Иймд Оросын эмч манай улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийг  Азийн орнуудын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийн адил идэвхтэй  оролцохыг урьж байна.

Арга хэмжээнд гэмтэл согогын  ортопед, анестезиолог, ревматолог, мэс засалч, хавдрын эмч, туяаны оношлогооны мэргэжилтэн болон эрүүл мэндийн салбарын бусад мэргэжилтнүүд  өргөнөөр оролцох боломжтой юм. Евро-Азийн анхдугаар  чуулганд оролцогч нь  ямар ч  үнэ төлбөр төлөхгүй тухай  зохион байгуулагчдын гаргасан хэвлэлийн мэдээнд  дурджээ.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ