Их Британи, БНХАУ-ын харилцаа ойртож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-21 11:03:58

ЛОНДОН. /NHK/. БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Их Британийн хатан хаан Элизавета сүйх тэргэнд суун, Лондон хотын төвөөр аялсан байна.

Төрийн зочны хувиар сүүлийн 10 жилд БНХАУ-ын дарга нараас Си Зиньпин л Их Британид айлчилж байгаа нь энэ юм.

Мягмар гарагт Лондон хотод болсон Си Зиньпинийг хүлээн авах арга хэмжээнд хатан хаан Элизавета, Эдинбургийн гүн болон Ерөнхий сайд Дэвид Камерон нар оролцжээ.

Си Зиньпин Букингемийн ордон руу хатан хааны хамт сүйх тэргэнд сууж хүрсэн байна. Си тус ордонд буужээ.

Си Зиньпиний айлчлал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны онцгой жилд болсон чухал үйл явдал юм гэж мягмар гарагийн орой Букингемийн ордонд болсон төрийн хүлээн авалтын үеэр хатан хаан мэдэгдсэн байна.

Хунтайж Уильям гэргий Кэтриний хамт хүлээн авалтад оролцжээ. Харин БНХАУ-ын хүний эрхийн байдлын шүүмжилдэг хунтайж Чарльз хүлээн авалтад оролцоогүй байна. Гэхдээ хунтайж Чарльз хүлээн авалт болсон мягмар гарагийн өглөө Си Зиньпинтэй уулзжээ.

Цөмийн цахилгаан станц зэрэг дэд бүтцийн төслүүдэд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах хүсэлтэй байгаагаа Их Британийн Засгийн газар илэрхийлэв. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Их Британийн санхүүгийн салбарт илүү хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Ерөнхий сайд Камерон эдийн засгийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, БНХАУ-ын хүний эрхийн байдлыг шүүмжлэхээс зайлсхийж байна гэж британичуудын зарим нь үзжээ.

Мягмар гарагт идэвхтнүүд Лондон хотод жагсаал зохион байгуулж, хүний эрхийн байдлаа сайжруулахыг БНХАУ-аас шаардсан байна. Удирдагч нар БНХАУ-ын хүний эрхийн асуудлыг  хэлэлцэх ёстой гэж жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдэв.

Си: Хоёр орны харилцаа ойртож байна

Их Британийн парламент болон БНХАУ хоорондын харилцаа улам бүр ойртож байна гэж Си мэдэгджээ.

БНХАУ тэргүүтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд нэгдэхээ мэдэгдсэн Өрнөдийн анхны улс бол Их Британи юм гэж тэрбээр мэдэгдсэн байна.

БНХАУ болон Их Британи харилцан хамааралтай бөгөөд ашиг сонирхол нэгтэй болж байгааг тэрбээр онцолжээ.

БНХАУ-ын олон оюутныг Их Британи хүлээн авч байгаа нь хоёр орны харилцаа бэхжиж байгаагийн илрэл юм гэдгийг Си мэдэгдэлдээ дурдав.

Мөн тэрбээр, Японыг эсэргүүцэх БНХАУ-ын дайнд Их Британи идэвхтэй оролцсон бөгөөд БНХАУ-ын цэргүүдийг радио тоног төхөөрөмж, эм тариагаар хангахын төлөө Их Британийн цэргүүд амь биеэ үл хайхран зүтгэсэн гэж мэдэгдсэн байна.

БНХАУ-ын улс төрийн тогтолцооны талаар тэрбээр, Хятадын онцлогтой социалист системийг хөгжүүлэх явцыг түргэтгэх зорилго тавьсан гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ