АНУ Умард Солонгостой найрамдахаас татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-21 11:19:59

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Умард Солонгостой найрамдлын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийхээс татгалзжээ. Энэ тухай Умард Солонгосын асуудлыг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким Конгрессын Сенатын танхимын гадаад хэрэг эрхэлсэн хорооны хурлын үеэр мэдээлсэн байна.

“Бид иймэрхүү асуудлыг хэлэлцэх сонирхолгүй байна” гэж тэрбээр хэлжээ.

Умард Солонгостой хийж буй харилцаанд тавьж байгаа эн түрүүний зорилт бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах юм гэж АНУ-ын Төрийн департаментын ажилтан тайлбарласан байна. Пхьеняны тавьсан найрамдлын гэрээ байгуулах саналыг тэрбээр “бусдаар буулт хийлгэх гэсэн байдаг л нэг улс төрийн тоглолт” гэж үзэж байгаа аж. Үүний оронд Умард Солонгос “цөмийн болон пуужингийн асуудлаар ахиц дэвшилд хүрч, хүний эрхийн байдлаа сайжруулах хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.

Умард Солонгост дангаар авсан хориг арга хэмжээг цаашид чангатгах боломжийг АНУ хэлэлцэж байна гэж Сон Ким нэмж хэлсэн байна.

Найрамдлын гэрээ байгуулах саналыг Пхеньян 10 дугаар сарын 2-нд НҮБ-ын индрээс АНУ-д тавьсан билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ